Зуунмодын иргэд Сэргэлэн сумаас газар өмчилж болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-04-11 15:59:58

Төв аймгийн Зуунмод  сумын  иргэд Сэргэлэн сумаас газар өмчлөх боломж бүрдлээ.

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 87 дугаар тогтоолд Зуунмодны  газар нутгийн хэмжээ /19,18 км2/ "Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль"-ийг хэрэгжүүлэхэд хүрэхгүй байгааг харгалзаж,Сэргэлэн сумын 632,2 га газрыг төвийн иргэдэд өмчлүүлэхээр болсон байна.Энэ зохицуулалт Сэргэлэн сумын газаргүй иргэдэд мөн хамаатай юм.

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 12 дугаар хуралдаанаар Сумын төвөөс баруун тийш, Их оорцог уулын ард 365,2 га, хуучин нисэх хорооллын урд  42 га, Зүүндэлгэрийн аманд 44 га, Бяцхан хөндлөнд 40 га, БаруунЗуунмодны аманд 90 га, Цагдаагийн зусланд 30 га, Хустайн баруун хэсэгт  21 га байхаар хэмжээ, байршил тогтоожээ.

Одоогийн байдлаар аймгийн төв, Зуунмодны 16 мянга гаруй иргэнээс 3550 гаруй нь газраа өмчилсөн бөгөөд  дээрх шийдвэр  хэрэгжвэл  "Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль"-ийн хэрэгжилтийг ахиулахад бодитой хувь  нэмэр болно хэмээн үзжээ.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

相关新闻