Олон улсын байгууллагаас малчдад 2.4 сая ам.долларын тусламж хүргэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМНҮБ-ын Хүн амын сан, Хүүхдийн сан болон Дэлхийн зөн Олон улсын байгууллагаас хаваржилт хүндэрсэн 6 аймгийн 45 сумын малчин өрхийн хүүхэд, эмэгтэйчүүдэд зориулсан 2.4 сая ам.долларын тусламжийн эд зүйлсийг ОБЕГ-т хүлээлгэн өглөө.
НҮБ-аас охид, эмэгтэйчүүдэд зориулан 7962 ширхэг ариун цэвэр, эрүүл ахуйн багц хүргүүлж байгаа юм. Уг багцад ариун цэврийн хэрэглэл, дотуур хувцас, оймс, гар нүүрний саван, алчуур зэргээс гадна шүгэл, гар чийдэн нярай болон жирэмсэн, хөхүүл эхэд зориулсан олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл багтжээ. Энэ нь гамшгийн үед эмэгтэйчүүдийн эрүүл ахуй, аюулгүй байдлаа хангахад туслах зорилготой юм.
Аливаа гамшгийн үед хамгийн түрүүнд эрсдэлд ордог нь хүүхэд, эмэгтэйчүүд. Цаг уурын хэт хүйтрэл нь хүүхдэд амьсгалын замын цочмог халдвар, уушгины хатгалгаа болон бусад халдварт өвчин тусах нь нэмэгддэг. Хоол тэжээлийн дутагдалтай хүүхдийн дархлаа сул байдаг тул эндэх эрсдэл өндөр байдаг аж. Тиймээс олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл нь хаваржилт хүнд байгаа нутгийн хүүхэд, эхчүүдийн дундах өвчлөл буурахад томоохон түлхэц үзүүлнэ гэдгийг НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Роберто Бэнес хэлэв.
Одоогийн байдлаар 6 аймагт нийт 11 мянга 800 өрх хаваржилт хүндэрсэн бүсэд оршин сууж байгаа юм. Энэ удаагийн тусламж нийт 4390 малчин өрхөд хүрэх бөгөөд ОБЕГ-аас бүтээгдэхүүнийг аюулгүй тээвэрлэж малчдад шуурхай хүргэнэ гэдэгт итгэж байгаагаа НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгч Наоми Китахара онцлов.
Тэрбээр, “Энэхүү тусламж бол НҮБ-ын зүгээс малчдад үзүүлж буй тусламжийн нэгээхэн хэсэг юм. Бид хаваржилт хүндэрсэн бүсийн 500 орчим жирэмсэн эмэгтэйчүүдэд төрхийн өмнөх нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Гамшгийн үед эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөх нь их байдаг. Тиймээс Засгийн газар болон холбогдох албаны хүмүүст энэ асуудлыг анхааралдаа авахыг хүсч байна” хэмээв.
НҮБ-ын тусламжийг 14 хоногийн дотор малчдын гарт хүргэнэ гэдгийг ОБЕГ-аас мэдээлэв.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр