Гадаадад ажиллаж буй Монгол иргэдийн эрхийг хамгаалах боломж бүрдэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-04-12 12:44:27

АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтын өмнө “Хөдөлмөрийн форум”-ыг зохион байгуулснаар гадаадад ажиллаж буй Монгол иргэдийн эрхийг хамгаалах боломж бүрдэнэ гэдгийг өнөөдөр болсон “АСЕМ: Иргэний нийгмийн байгууллагууд ба үйлдвэрчний эвлэлүүдийн боломж” уулзалтын үеэр МҮЭХ-ын Ерөнхийлөгч А.Амгаланбаатар онцлов.

Зарим улс орнууд АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахдаа “Хөдөлмөрийн форум”-ыг албан ёсны хөтөлбөрт нь оруулдаггүй байна: Үүнээс болж тус форумаас гарсан санал, дүгнэлтийг Дээд хэмжээний уулзалтаас гарах баримт бичигт тусгаж чаддаггүй аж. Энэ удаад ч “Хөдөлмөрийн форум”-ыг хөтөлбөрт оруулах эсэх нь тодорхойгүй байгаа юм. “Хөдөлмөрийн форум”-аар хөдөлмөр эрхэлж буй иргэдийн нөхцөл, цалин хөлс, ядуурлын хэмжээ, ажилгүйдлын түвшин зэрэг хувь хүний өмнө тулгамдсан асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Энэ нь Дээд хэмжээний уулзалтад оролцох 51 орон, хоёр олон улсын байгууллагын тэргүүнээр дамжуулан тэдний төрийн бодлогод ард иргэдийн амьдралын асуудлыг нарийн тусгах боломж бүрдэнэ хэмээн Х.Амгаланбаатар ерөнхийлөгч хэллээ.

Тэрбээр, “Форумыг зохион байгуулах хүсэлтийг АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулагчдад хүргүүлсэн. Одоогоор Олон улсын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Олон улсын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо болон МҮЭХ-ны санаачлагаар Хөдөлмөрийн форумыг зохион байгуулах бэлтгэл ажлыг эхлүүлээд байна. Хэрэв бидний хүсэлтийг хүлээж авбал долдугаар сарын 4-5-нд зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа. Форумын зөвлөмж, дүгнэлтийг АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтын бодлогын баримт, бичигт тусгах боломжийг эрэлхийлж байгаа.

Монгол Улс иргэдийн хөдөлмөр эрхлэлтээ бие даан шийдвэрлэж чадахгүй. Учир нь Монголын хэдэн мянган иргэн гадаадад ажиллаж, амьдарч байгаа тул тэдний хөдөлмөр эрхлэлтийн асуудал зөвхөн Монгол Улсын Засгийн газрын асуудал биш болсон. Тиймээс гадаадад ажиллаж байгаа иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг нь бүрдүүлэх ёстой. Тиймээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дээд хэмжээний уулзалтын үеэр бусад орнуудын төрийн тэргүүнүүдтэй хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр уулзалт хийж, Монгол иргэдийн эрхийг хамгаалах асуудлыг хэлэлцэх боломж бүрдэнэ” хэмээв.

Иргэний нийгмийн байгууллага ард түмний амьдралд илүү ойр ажилладаг тул АСЕМ-ын уулзалтад төлөөллөө оролцуулж, дуу хоолойгоо хүргэх нь чухал. Ази, Европд нийгмийн анхдагч стандартыг тогтоох шаарлага байна. Өөрөөр хэлбэл, дэлхий нийт хэт баян болон ядуу гэж ангилагдах болсон. Тиймээс тэдний эрх тэгш амьдрах нөхцлийг бүрдүүлэх чиглэлд иргэний нийгмийн байгууллагууд түлхүү анхаарах ёстой хэмээн Фредрих Эбертийн сангийн Суурин төлөөлөгч Штефан Хробот хэллээ.

Тэрбээр, “Монгол Улс ардчилсан нийгэмтэй тул төрийн зүгээс аливаа асуудлыг шийдвэрлэхдээ иргэний нийгмийн байгууллагууд болон үйлдвэрчний эвлэлийн холбоодтой хамтран ажилладаг. Иргэд зөвхөн эдийн засгийн эрх чөлөөтэй байх нь хангалттай бус. Тиймээс иргэдийн сайхан амьдрах, аж төрөхөд нийгмийн шударга ёс, улс төрийн эрх чөлөө чухал. Тиймээс АСЕМ-ын уулзалтын үеэр ардчилсан нийгмээ батлан ард иргэдийн төлөөлөл болох иргэний нийгмийн байгууллагуудынхаа дуу хоолойг сонсох хэрэгтэй. Ингэснээр дэлхий нийтэд үлгэр дуурайлал үзүүлж, эерэгээр нөлөөлнө” гэв.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Б.Чадраабал

相关新闻