Үндэсний зөв бичигтэн уралдааны ялагч Улаан Үд-Итгэлт хамбад аялна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛМянга гаруй жилийн түүхтэй үндэсний монгол бичгийг сурах, сургах, түгээн дэлгэрүүлэх, сурч эзэмших явдлыг хөхиүлэн дэмжих, монгол бичгийг сэргээн хэрэглэх төрийн бодлогын хэрэгжилтийг идэвхжүүлэх, 2025 оноос хос бичгээр төрийн албыг хөтлөх ажлыг эрчимжүүлэх зорилгоор монгол туургатны үндэсний зөв бичигтэн шалгаруулах улсын анхдугаар уралдаан зарлалаа.
Уралдааныг ЕБС-ийн 6-12 ангийн сурагчид болон хүрээ хийдэд сурч буй лам хүүхдүүд, Насанд хүрэгчид, Мэргэжлийн болон бага ангийн багш нар, Бүтээл гэсэн төрлөөр явуулах юм.
Уралдааныг биечлэн болон эчнээ хэлбэрээр зохион байгуулах бөгөөд уралдаанд ирэх бүтээлийг энэ сарын 22-нд Гандан тэгчинлин хийдийн Дашчоймбол дацангийн байранд хүлээн авна.
Төрөл тус бүрт эхний гурван байрт шалгарсан оролцогчийг өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнах юм. Мөн “Шилдгийн шилдэг”-ээр хоёр оролцогч шалгаруулж, медаль, өргөмжлөл, Улаан Үд-Итгэлт хамбын аяллын эрхээр шагнаж урамшуулна. Түүнчлэн Багш нарын ангилалд амжилттай оролцсон гурван багшийг БШУЯ-ны шагнал “Үндэсний бичиг, соёлыг дэлгэрүүлэгч” цол тэмдгээр шагнаж урамшуулах аж.
Уралдааны ерөнхий зохион байгуулагчаар “Гандан тэгчинлин хийд”, хамтран зохион байгуулагчаар “Монгол бичгийн нийгэмлэг”,”Сод номун төв” ажиллаж байна.