Вологодск мужид шар усны үер аюул дагуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
erdenechimeg@montsame.mn
2016-04-18 10:49:25

Оросын Вологодск мужийн нутагт цас мөс хайлж шар усны үер аюул дагуулжээ. Баасан гарагийн  өглөөнөөс тус мужийн Великий Устюгийн районд  байдал хүндэрсээр байна. Үүний шалтгаан  Карасавино тосгоны  гол усны мөс боогдсонтой холбоотой ажээ.  Сүүлийн хоёр өдөр Великий Устюгт усны түвшин хямралын цэгтээ хүрч нэмэгдсэн байна.

ОХУ-ын МЧС буюу Онцгой байдлын яамны аврагчид дэлбэрэлт явуулсны хүчинд хоёр ч  удаа голын усны түвшинг буулгасан байна.

Великий Устюгт 300 метрийн урт, 1,5 метрийн өндөр үерийн  даланг босгожээ. МЧС-ийн аврах багийнхан Вологодск мужийн нутаг дэвсгэр дээр 1.5 тонн бодисоор хоёр, мөн Архангельск мужид 28 кг дэлбэрэлтийн бодисоор нэг дэлбэрэлт хийж хүнд байдлаас гарчээ.

Сүүлийн үеийн мэдээгээр, тус мужид хэд, хэдэн суурингууд өртсөн, тухайлбал 443 айлын хашаа байшин, газар усанд автсан тухай уламжилж байна. Үерээс  аврах кампанит ажиллагаанд 380 гаруй хүн, 120 илүүтэй машин техник байгаагийн дотор нисдэг тэрэг, нисгэгчгүй аппаратууд орж буй юм.

ОХУ-ын Онцгой байдлын яамны тэргүүн  Владимир Пучков ням гарагт Москвагаас Великий Устюг руу  нисч, селекторын хуралдаан явуулж, шар усны үертэй тэмцэх ажиллагааг гардан  зохион байгуулж  байна.

Москва хот. А.Огторгуймаа

相关新闻