Монголын Зохиолчдын эвлэл дүрэмдээ өөрчлөлт орууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМЭнэ сарын 17-ны өдөр буюу өчигдрийн ням гарагт МЗЭ-ийн Бага чуулган ээлжит хурлаа хийсэн юм. 2013 оны 9 дүгээр сард хуралдсан Их чуулганаас 65 гишүүнтэй Бага чуулганыг байгуулсан бөгөөд гурван жилд нэг удаа хуралдах товтой. Энэ дагуу ээлжит хурлаа хийсэн нь энэ.
Уг чуулганд 38 гишүүн хүрэлцэн ирж, 58,5 хувийн ирцтэйгээр хурлаа хийсэн. Чуулганд МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга Ц.Буянзаяа тайлангаа тавьж, Хяналтын зөвлөл хийсэн ажил, авсан арга хэмжээнүүдээ танилцуулж, Дүрмийн хорооны дарга Ү.Хүрэлбаатар дүрэмд зарим өөрчлөлт шинэчлэл зайлшгүй хийх хэрэгтэй болсныг мэдэгдэв. Дээрх асуудлыг хэлэлцээд тайланг сайшааж, харин дүрмийн шинэчлэлтэд гишүүд идэвхтэй оролцон санал бодлоо хэлж зохих өөрчлөлтийг дүрэмдээ оруулан батлав. Дүрмийн энэ өөрчлөлтөөр юуны өмнө татвар хураалтыг хариуцлагатай, шинэ менежменттэй болгох, залуу авъяастнаар эгнээгээ өргөжүүлэх, уран бүтээлчдийн ёс зүйг шинэ түвшинд гаргах заалтуудыг нэмсэн юм. Ингэснээр татвар хураалтыг сайжруулах, шинээр МЗЭ-д элсүүлэх босгыг өндөрсгөх, зарим тохиолдолд МЗЭ-ээс хасах зэрэг өмнө нь бүрхэг байсан асуудлыг тодорхой болгосноороо онцлогтой. Мөн тайланд дурдсанаар хэт хавтгайрсан уралдааныг ч цэгцлэх болсон. МЗЭ-ийн байрыг түрээслэхдээ өрөө бүрийг өгөөжтэй болгох, Д.Нацагдоржийн музейн барилгыг өөрийн зардлаа нөхөн олж ашигтай ажилладаг болгох, МЗЭ-ийн байрандаа зохиолчдын шинэ номыг хөнгөлөлттэй, хямд үнэтэй борлуулдаг болох, гадаад арга хэмжээнд зохиолчдыг идэвхтэй оролцуулах зэрэг асуудлыг мөн хөндсөн юм. Бага чуулганы гишүүн орчуулагч МУСГЗ Г.Аким, МУСГЗ Ж.Нэргүй, МУГБ, шүүмжлэгч Д.Галбаатар, МУСГЗ Д.Цэнджав, МУСГЗ зохиолч Б.Монголхүү, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ж.Батсайхан, Дарь.Сүхбаатар, Д.Мөнхтөр, З.Ядмаа нарын олон хүн үнэтэй санал хэлж, чуулганыг амьд, хэлэлцүүлгийг сонирхолтой болгосон. Ийнхүү Бага чуулганы гишүүд МЗЭ-ийн нэр хүндийг өндөрт өргөн, зохиолчийн ёс зүйг эрхэмлэн сахих, уран бүтээлээ улам чанаржуулах асуудлыг ажил хэрэгчээр ярилцлаа.
Ж.Батсайхан