"Алдар"-ын тамирчдын хувийн цуглуулгаар үзэсгэлэн гаргалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ“Алдар” спорт хороо нь "Монгол цэргийн музей"-тэй хамтран багш, дасгалжуулагч, тамирчдынхаа хувийн цуглуулгын үзэсгэлэнг олны хүртээл болгож байна.
Эх орныхоо нэрийг тив, дэлхийд цуурайтуулсан олон арван тамирчид, дасгалжуулагчдыг төрүүлсэн “Алдар” спорт хороо нь Зэвсэгт хүчний төдийгүй Монгол Улсын спортын ууган байгууллагын нэг бөгөөд үүсэн байгуулагдсаны түүхт 70 жилийн ой энэ жил тохиож байна. Үзэсгэлэнгийн нээлтэд БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, бригадын генерал Ч.Сосорбарам, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг, Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны дарга, хурандаа Г.Өсөхбаяр, "Монгол цэргийн музей"-н дарга, дэд хурандаа Ж.Гантулга, "Алдар" спорт хорооны багш дасгалжуулагч, тамирчид, ЗХ-ий зарим ангийн удирдагч, ард иргэд оролцлоо.
Тус үзэсгэлэнд "Алдар" спорт хорооны дарга, хурандаа Г.Өсөхбаярын бугуйн цагны цуглуулга, дэд дарга хурандаа Д.Цог-Эрдэнийн 100 гаруй хонхны цуглуулга, буудлагын дасгалжуулагч Монгол Улсын Гавъяат дасгалжуулагч, дэд хурандаа Л.Ундралбатын спортын 17 төрлийн гар буу, Жүдо бөхийн дасгалжуулагч, Олон Улсын Хэмжээний мастер, ахмад Д.Батсайханы 500 гаруй зоосон мөнгийг дэлгэсэн байлаа.
Мөн үндэсний сурын дасгалжуулагч, улсын мэргэн, ахмад Д.Норжмаа, байтын дасгалжуулагч спортын мастер, дэслэгч Б.Ганзориг нарын нум сум, байтын нумны цуглуулга, дугуйн тамирчин, чөлөөт бөхийн ахмад дасгалжуулагч, шүүгч Б.Баясгалангийн 80 гаруй зангиа, спортын холбогдолтой тэмдэг, бэлтгэл дэд хурандаа П.Бямбаагийн 400 гаруй сум, асаагуур, Олон Улсын хэмжээний мастер, ахлах ахлагч Т.Төгөлдөрийн спортын 10 гаруй дугуй, Хөнгөн атлетикийн тамирчин дэд ахлагч Ц.Бямбажавын 20 гаруй пүүз, гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын хөл бөмбөгийн фанатын цуглуулга зэрэг 14 төрлийн 1000 гаруй цуглуулгыг дэлгэжээ. Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны тамирчдын цуглуулгын үзэсгэлэн 14 хоногийн турш үзэгчдийн хүртээл болох юм.
Д.Өлзий