Сурагч Х.Ариунзаяа Элчин сайд М.П.Сингхээс шагналаа гардан авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-12-18 12:43:38

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол-Энэтхэг улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 64 жилийн ойд зориулсан “Өнгөрсөн, одоо, ирээдүй” гар урлал, уран зургийн уралдаанд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ерөнхий боловсролын 1-р сургуулийн 11б ангийн сурагч Х.Ариунзаяа дэд байрт шалгарчээ.

Тэрээр эсгий урлалын бүтээлээрээ 19 аймгийн 976 сурагчаас ур ухаан, авьяас чадвараараа шалгарч ийн шагнал хүртсэн байна. Тус уралдаанд шалгарсан хүүхдүүдийн шагналыг БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх өөрийн биеэр гардуулан өгчээ.

Монгол Улс, Энэтхэг улс хооронд 1955 оны 12 дугаар сарын 24-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд хоёр орны ард түмэн газар зүйн хувьд хол оршдог ч сэтгэл санаа, соёлын хувьд ойр байдаг оюуны хөрш орнууд юм. Мөн Монгол-Энэтхэг хоёр улс нь хүн ам, байгаль цаг уур, соёлын их ялгаатай. Монгол Улс Төв Азийн эрс тэс уур амьсгалтай, нүүдэлчин соёлтой, 3 сая хүн амтай, мал аж ахуй эрхэлдэг бөгөөд сүүлийн үед эдийн засгийн голлох салбар нь уул уурхай болоод байгаа. Тэгвэл Энэтхэг орон халуун дулаан уур амьсгалтай, хүн амаараа дэлхийд тэргүүлдэг томоохон улсуудын нэг ажээ. Сүүлийн жилүүдэд манай хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаа нэлээд эрчимжиж байгаа бөгөөд манай улс Энэтхэгээс төрөл бүрийн эм, эмийн түүхий эд, шүлхийний вакцин зэргийг авдаг байна.

 

相关新闻