Монгол, Туркийн аялал жуулчлалыг шинэ шатанд хүргэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2019-12-17 14:29:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат БНТУ-д энэ сарын 5-9-нд хийсэн айлчлалын хүрээнд тус улсын Соёл, аялал жуулчлалын сайд Мэхмэт Нури Эрсойтой уулзлаа.

 

Уулзалтын эхэнд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Монгол,Турк  улсын харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин, иргэд харилцан визгүй зорчиж, 2020 оноос шууд нислэгтэй болж байгаа нь цаашид аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, жуулчдын тоог нэмэх, улмаар иргэдээр дамжуулан хоёр орны найрсаг хамтын ажиллагааг улам бүр батжуулах боломж бүрдэж буйг онцлов.

Уулзалтаар, хоёр яам аялал жуулчлалын хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулах, Турк улсад Монголын аялал жуулчлалын мэдээлэл, сурталчилгааны төв байгуулах, Туркийн соёлын хүрээлэнг Улаанбаатар хотод, Монголын соёлын төвийг Истанбул хотод нээхээр талууд тохиролцов.

 Мөн Монгол Улсын Аялал жуулчлалын төв, Турк улсын Аялал жуулчлалын хөгжлийн хүрээлэн хамтран ажиллах санамж бичгийг ирэх онд байгуулахаар боллоо.

 БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Турк улсын Соёл аялал жуулчлалын сайд Мэхмэт Нури Эрсойг 2020 онд Монгол Улсад айлчлахыг уриад, Орхоны хөндийд Туркийн түүхийг харуулсан байгалийн цогцолбор байгуулах,  аялал жуулчлалын үндэсний хүрээлэн болгох, Хархорины нисэх буудлыг олон улсын нисэх буудал болгоход хөрөнгө оруулалт оруулахыг хүсэв. Түүнчлэн цаашид хоёр орны аялал жуулчлалын салбарынхны зөвлөлдөх уулзалтыг тогтмол зохион байгуулах, соёлын харилцаандаа тулгуурлан ирэх онд Турк улсад тал нутгийн үзэсгэлэнг хамтран зохион байгуулах санал дэвшүүлэв.

БНТУ-ын Соёл, аялал жуулчлалын сайд Мэхмэт Нури Эрсой хэлэхдээ, “Туркиш эйрлайнс” компанийн шууд нислэг нь Монгол Улсын аялал жуулчлалын салбарт томоохон хөгжил авчирна гэдэгт итгэлтэй байна. Учир нь тус компани  318 хотод нислэг үйлддэг. Зөвхөн Турк улсаас Монгол руу чиглэсэн зорчигчдын урсгалаас гадна Европыг дэлхийн бусад орныг Монгол руу чиглүүлсэн урсгал нээж өгсөн гэж ойлгож болно. Дэлхийн нүүдэлчдийн наадмыг 2020 онд Турк улсад зохион байгуулах болсон. Тус наадамд Монгол Улсыг өргөнөөр оролцохыг хүсэж байна. Харин дараагийн наадмыг Монгол Улсад хийх талаар Туркийн талаас бүх талаар дэмжин ажиллах болно” гэв.

Мөн уулзалтаар хоёр улсын аялал жуулчлалын салбарын сурталчилгааг харилцан нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон юм.



相关新闻