Хүүхэд хөгжүүлэх төсөлд 2 тэрбум 600 сая төгрөгийн тэтгэлэг олгов
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛБСШУЯ-наас хэрэгжүүлж буй “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудад тэтгэлэг гардуулах ажиллагаа өнөөдөр УДЭТ-ын байранд боллоо.
Хөтөлбөрийн хүрээнд 21 аймаг, 9 дүүргээс хүүхэд бүрийг хөгжүүлэх төслийн шалгаруулалтад шалгарсан ерөнхий боловсролын 427 сургуулийн 450 төсөл тус бүрт 2000-3000 ам.доллар буюу 6 сая төгрөг, нийт 2 тэрбум 600 сая төгрөгийн тэтгэлэг олгон, батламж гардуулав.
Энэ үеэр БСШУ-ы сайд Л.Гантөмөр хэлэхдээ, “Сургууль бүрт, хичээлийн танхим бүрт цөм хөтөлбөрийн хэрэгжилт ид өрнөж байгаа үед хүүхэд нэг бүрийн хөгжлийг цогцоор дэмжих зорилгоор сургуулиуд өөрсдийн хэрэгцээ, хүрэх үр дүнгээ тодорхойлон төслийн шинэлэг санааг дэвшүүлж, түүнийгээ бие даан ажил хэрэг болгохоор сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж буй нь багш, сурагч бүрийн хөгжил хамтын ажиллагаа, сургуулийн бие даасан байдалд ихээхэн тус нэмэр болж чадна гэдэгт итгэлтэй байна” гэв.
СБД-ийн 131 дүгээр сургуулийн захирал С.Эрдэнэчимэг, “Манай сургууль дахин төлөвлөлтийн хүрээнд шинээр байгуулагдсан. Тэтгэлэгт хөтөлбөрт манай сургууль “Сургалтыг дэмжих үйл ажиллагааны төв” гэсэн төслөөрөө шалгарлаа. Энэхүү танхимд илүү олныг хамруулахаас гадна эцэг эхчүүд чөлөөтэй хамтарч хүүхдэд амьдрах чадварт суралцах үйл ажиллагаа явуулна” гэлээ.
Гурван үе шаттай хэрэгжих Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт ЕБС бүр оролцох юм. Өнгөрсөн нэгдүгээр сард эхний шатанд 200 сургуулийн төсөл шалгарч, хэрэгжилт ид өрнөж байгаа юм. Хоёрдугаар шатанд 427 сургууль оролцсоноор нийт 500 мянга гаруй хүүхэд, багш нар хамарч байна.
“Боловсролын чанарын шинэчлэл” төсөл нь Дэлхийн банкны Хөгжлийн Ассоциацийн 30 сая ам. доллар буюу 60 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжиж байгаа бөгөөд бага боловсролын эх хэл, математик, байгалийн ухааны сургалтыг дэмжих, олон улсын түвшинд ихээхэн ач холбогдол өгч буй STEM боловсролыг хөгжүүлэх, боловсролын чанарын үнэлгээний тогтолцоог бүрдүүлж үр дүнд хүрэхээр ажиллаж байгаа аж.
Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр