Сэтгүүлчид Тогтвортой хөгжлийн төлөөх үйлдлүүдийг хөхиүлэн дэмжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2019-12-26 18:31:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тогтвортой хөгжлийн зорилгуудыг түгээн дэлгэрүүлж, хэрэгжүүлэхэд сэтгүүлчдийн оролцоо чухал. Энэ үүднээс хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид нэгдэн “Тогтвортой хөгжлийг дэмжих Монголын сэтгүүлчдийн холбоо”-г байгуулаад байгаа.

Тус холбоо мэдээллийн www.journalistsforsdg.mn вэбсайтаа өчигдөр нээлээ. Тус цахим хуудасны гол контент нь #SDGActoinMongolia юм гэдгийг холбооны Удирдах зөвлөлийн тэргүүн, сэтгүүлч Т.Бүдээхүү онцловSDG буюу suistanable development goals (Тогтвортой хөгжлийн зорилгууд)-ыг биелүүлэхийн төлөө ямар нэг үйлдэл буюу action хийхийг хөхиүлэн дэмжинэ гэсэн үг гэдгийг тэрээр тодотгов.


НҮБ-аас 2015 онд баталсан “Тогтвортой хөгжил-2030” баримт бичиг, зорилгод манай улс 2015 онд хамгийн анх нэгдэж, УИХ-аас Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030-ыг баталсан. Эдгээр нь дэлхий нийтийн болон Монгол Улсын хөгжлийн нэг гол баримт бичиг болоод байна. Энд 2030 он гэхэд ядуурлыг бүрэн арилгах, бүх нийтэд чанартай боловсролыг эзэмшүүлэх, жендэрийн эрх тэгш байдлыг хангасан байх амлалтыг хэрэгжүүлэхээр тусгасан. Гэтэл одоо 10-хан жил үлдээд байна.

Эдгээр зорилгоо хангахад манай улс хаана явна. Тодорхой алхам хийж чадаж байна уу гэдэгтэй бид тулгарч байна. Өнгөрсөн 7-р сард манай Засгийн газар НҮБ-д Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн явцын талаар Үндэсний сайн дурын илтгэлийг тавьсан. Хэдийгээр манай улс тогтвортой хөгжлийн зорилгод нэгдсэн анхдагч улсын нэг боловч хэрэгжилт хангалтгүй байна гэж тус илтгэлд дүгнэсэн.


Ер нь тогтвортой хөгжил гэдэг хэдэн дарга нарын ч юм уу, эсвэл хурал зөвлөгөөний уриа лоозон төдий асуудал биш. Энэ зорилгыг амьдралын хөрсөнд буулгах нь чухал байдаг. Тогтвортой хөгжил гэж яг юуг хэлээд байгаа юм, яагаад би хөгжлийн гадна үлдэх ёсгүй, яагаад бүгдээрээ тэгш шударга байх ёстойг хүмүүс ойлгох хэрэгтэй. Тиймээс тогтвортой хөгжлийн талаарх мэдлэг, ойлголтыг олон нийт нийгэмд өгөх, хөгжлийг зөвхөн дарга нар биш, иргэд, сэтгүүлчид, бусад оролцогч хамтдаа бий болгохын төлөө ямар нэг зүйл хийх сэдлээр сэтгүүлчид нэгдэн холбоо байгуулаад байна гэв.


Тэрээр, Манай холбоо гишүүддээ бус, нийгэмд үйлчлэх, Тогтвортой хөгжлийн төлөө хамтдаа дуу хоолойгоо гаргах зорилготой. Цаг үетэйгээ уралдаж, зав багатай явдаг сэтгүүлчдийн хамтын ажиллагааны платформыг холбооныхоо малгай дор бий болгож байна” гэсэн юм.

Тогтвортой хөгжлийн төлөөх мэдээллийн www.journalistsforsdg.mn вэбсайтын нээлтэд МУИС-ийн дэд захирал, доктор, профессор Ч.Ундрам, Байгаль орчны мэдээлэл сургалтын төвийн захирал Ц.Шинэцэцэг нар оролцож, ирээдүйн хөгжлийн хандлагын талаар сонирхолтой мэдээлэл өгөв.

Б.Болд

相关新闻