Их Монгол Улсын гудамжны автозамыг 4 эгнээ болгон шинэчилнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМАзи, Европын дээд түвшний 11 дэх уулзалт болохтой холбогдуулан нийслэлийн авто замын сүлжээг сайжруулах, хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх зорилгоор авто замын 6 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ хэмээн Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.
Энэ хүрээнд Их Монгол Улсын гудамжны 2.1 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг эхэлжээ. Уг замыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр “Эрдэнэ зам”, “Тотал инж” ХХК-иуд барьж байгаа бөгөөд ажлын явц 20 хувьтай байгаа аж.
Их Монгол улсын гудамж буюу Замын цагдаагийн баруун урд уулзвараас Маршалын гүүрийн урд уулзвар хүртэлх 2.1 км авто замын зорчих хэсэг нь одоо 9 метр өргөнтэй бөгөөд өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд авто замын зорчих хэсгийг 14 метр болгон өргөтгөж, замын 2 талаараа явган хүний замтай, нэг талаараа дугуйн замтай, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах далд шугамтай, 4 эгнээ бүхий болгон шинэчлэх юм.
Уг ажлыг гэрээ ёсоор ирэх зургадугаар сарын 30-нд ашиглалтад өгөх бөгөөд нийслэлийн Авто замын газраас 15 хоногийн өмнө дуусгахаар хуваарь гарган ажиллаж байна.
Замын өргөтгөлд 8 аж ахуйн нэгжийн барилгын түр хашаа болон гадна талбай, тохижилт орсон бөгөөд газар чөлөөлөлтийн ажил удаашрахгүй бол замыг хуваарийн дагуу ашиглалтад өгнө хэмээн албаныхан хэллээ.