Олимпийн эрх олгох “The first Last-Chance” тэмцээн 3 өдөр үргэлжилнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ“Рио-2016” зуны XXXI олимпийн наадмын чөлөөт бөх, сонгомол барилдааны сонгон шалгаруулах дэлхийн “The first Last-Chance” тэмцээн энэ сарын 22-24-нд “Буянт Ухаа” спортын цогцолборт болно.
Энэхүү тэмцээнд дэлхийн таван тивийн, 73 орны баг оролцохоор мэдүүлгээ ирүүлсэн байна. Гадаадын бөхчүүд “Говь” цогцолбор, Спортын төв ордон, “Чингис” зочид буудалд хуваарийн дагуу бэлтгэлээ хийж байгаа юм.
Тус тэмцээний эхний өдөр буюу энэ сарын 22-ны баасан гарагт 09-15 цагийн хооронд сонгомол бөхийн 59, 66, 75, 85, 98, 130 кг жингийн тойргийн болон дагах барилдаанууд болно. Харин энэ сарын 23-нд буюу бямба гарагт 09-15 цагийн хооронд эмэгтэй чөлөөт бөхийн 48, 53, 58, 63, 69, 75 кг жингийн тойргийн болон дагах барилдаанууд болох юм.
Ням гарагт буюу энэ сарын 24-нд 10-15 цагийн хооронд эрэгтэй чөлөөт бөхийн 57, 65, 74, 86, 97, 125 кг жингийн тойргийн болон дагах барилдаанууд болох бөгөөд дээрх өдрүүдийн үдээс хойших барилдаанууд нь жин тус бүрийн алт, мөнгө, хүрэл медалийн эздийг тодруулах шигшээ барилдаан болно.