Ерөнхийлөгч “Байгалийн төлөө өндөр эрмэлзэл бүхий эвсэл”-д нэгдэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв

ТОЙМ
ariunbold@montsame.gov.mn
2020-01-25 16:13:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын улс төрд өнгөрч буй долоо хоногт өрнөсөн үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.


Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцов



Швейцарын Холбооны Улсын Давос хотноо энэ сарын 21-24-нд болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцлоо.


Тэрбээр чуулга уулзалтын хүрээнд хоёр хэлэлцүүлэгт оролцож үг хэлсэн. Тухайлбал, “Стратегийн алсын хараа: Евроази” хэлэлцүүлэгт оролцохдоо, “Монгол Улс нь ОХУ, БНХАУ гэсэн хоёр их гүрний дунд  Евроазийг холбон оршдог. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд 6000 орчим км автозам тавьсан. Мөн 1000 орчим км төмөр зам тавьж байна. Энэ дэд бүтэц нь Евроазийн эдийн засагт хувь нэмрээ оруулна. Тиймээс Төв Азийн нутаг Монгол орноор Евроазийг холбох дэд бүтэц хөгжүүлэхэд Та бүхнийг хамтран ажиллахыг хүсье” гэсэн юм.



Харин “Байгаль, хүмүүний төлөөх Засгийн газруудын эвсэл” хэлэлцүүлэгт оролцохдоо Монгол Улс үндэсний хүлэмжийн хийн ялгарлаа 2030 он гэхэд 22.7 хувиар бууруулах, тусгай хамгаалалттай нутгийн эзлэх хувийг 2030 оны байдлаар 30 хувь болгох зорилтыг тусган хэрэгжүүлж буйг танилцуулсан юм. Тэрбээр, “Байгалийн төлөө өндөр эрмэлзэл бүхий эвсэл”-д нэгдэн ороход бэлэн байгаагаа илэрхийлж байна. 2020 он бол дэлхийн хэмжээнд байгаль орчны асуудлаар чухал шийдвэр гаргах, нэгэнт гарсан хамтын шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангахад чухал жил болох учиртай. Улс орнуудыг энэ эвсэлд нэгдэхийг уриалж байна. Нэг дэлхий, нэг байгаль, нэг л орчин бидэнд бий" хэмээв.


Мөн тэрбээр чуулга уулзалтын үеэр Азербайжан, Швейцар улсын төрийн тэргүүн нар, Сингапур, Нидерландын Ерөнхий сайд нар, “Gucci” компанийн захирал, Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт байгууллагын ерөнхийлөгч болон ДЭМБ-ын захирал нартай уулзсан юм.


Тэтгэврийг 25-40 мянган төгрөгөөр нэмэв



Засгийн газрын энэ сарын 22-ны хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны 500 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулан 30 мянга, 500 мянга болон түүнээс дээш төгрөгийн тэтгэврийг 25 мянган төгрөгөөр нэмэхээр шийдвэрлэв.


Бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 350 мянга, Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 300 мянган төгрөг болгон шинэчлэв. Энэ нь 421.7 мянган иргэний тэтгэвэр 25-40 мянган төгрөгөөр буюу дунджаар 8.8 хувиар өсөн, дундаж хэмжээ 409 мянган төгрөг болж байна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, 2016 онд 251 мянган төгрөг байсан бүрэн тэтгэврийн доод хэмжээ 350 мянга, 216 мянган төгрөг байсан хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 300 мянга, 312.9 мянган төгрөг байсан дундаж тэтгэвэр 409 мянган төгрөг болж байна. Монгол Улсын Засгийн газар 2016 оноос хойш бүрэн тэтгэврийг 39.4, хувь тэнцүүлсэн тэтгэврийг 38.9, дундаж тэтгэврийг 30.7 хувиар нэмжээ.  Энэхүү шийдвэрийг ирэх сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлнэ.


Халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг нэмлээ



Засгийн газрын энэ сарын 22-ны хуралдаанаар Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг сард 188 мянган төгрөгөөр, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийг сард 123, бусад асаргааны тэтгэмжийг сард 84500 төгрөг болгон шинэчлэв.


Халамжийн тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хагас болон бүтэн өнчин хүүхэд зэрэг 60 гаруй мянган иргэн авдаг. 16 хүртэлх насны, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй 11 мянган хүүхэд сар бүр нийгмийн халамжийн тэтгэвэртэй тэнцүү хэмжээгээр тусламж авч байна. Байнгын асаргаа шаардлагатай иргэн /ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд/ асарч байгаа болон хүнд нөхцөлд байгаа хүүхэд, ганц бие, харж хандах хүнгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа 63 мянга гаруй иргэн сар бүр 76 мянган төгрөгийн тэтгэмж авдаг. Эдгээрээс байнгын асаргаа шаардлагатай, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарч байгаа эхчүүдийн тэтгэмжийг 2019 оны долоодугаар сарын 1-нээс 114 мянган төгрөг болгон нэмээд байсан юм. Тогтоолыг ирэх сарын 1-нээс мөрдөж эхэлнэ.


Сургууль, цэцэрлэгийг гуравдугаар сарын 2-ныг хүртэл хаана



Улсын онцгой комисс энэ сарын 24-нд хуралдаж, Монгол Улсад коронавирус тархахаас сэргийлж ханиад томууны тархалтыг зогсоох үүднээс сургууль, цэцэрлэгүүдийг өмчийн хэлбэр үл харгалзан энэ оны гуравдугаар сарын 2-ныг хүртэл хаах шийдвэр гаргав.


Энэ талаар Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин, "Ирэх долоо хоногийн даваа гарагаас дагаж мөрдөхөөр төлөвлөж байна. Хилийг мөн гуравдугаар сарын 2-ныг хүртэл хаах хэрэгтэй гэж үзлээ. Хил хаах асуудлыг Засгийн газар шийдвэрлэх ёстой. Харин сургууль, цэцэрлэг хаах шийдвэрийг шууд хэрэгжүүлнэ" гэлээ. Сурагчдын хичээлийг телевиз, радио, цахим хэлбэрээр тодорхой хуваарийн дагуу заах аж.


Грета Тунбергийг Олон улсын залуучуудын ногоон наадамд урив



Швейцарын Холбооны Улсын Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцох үедээ Ерөнхийлөгч Х.Баттулга уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг  тэмцэгч Грета Тунбергтэй уулзаж, түүнийг Монгол Улсад болох олон улсын залуучуудын ногоон наадамд оролцохыг урилаа.


“Ногоон наадам”-ыг зохион байгуулах болсон нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг залуучуудын дуу хоолойг спортоор дамжуулан хүргэх зорилготой бөгөөд 2020 оны есдүгээр сарын 13-19-нд Улаанбаатар хотод зохион байгуулахаар товлож байна. НҮБ-аас эх дэлхийгээ ирээдүй хойчдоо өвлүүлэн үлдээх, шударга, энх тунх, хүртээмжтэй нийгэмд амьдрах, аз жаргалтай, сэтгэл хангалуун, илүү сайхан амьдрахын төлөө дэлхийн бүх улс, нийгэм, хувийн байгууллагууд болон иргэдийн дэмжлэгтэйгээр “Тогтвортой хөгжлийн зорилтууд -2030”-ыг боловсруулж, хэрэгжүүлж байгаа юм.


Тогтвортой хөгжлийн зорилтуудыг “Ногоон наадам”-ыг зохион байгуулагч Монгол Улс бүрэн дэмжиж байгаа бөгөөд зорилттой уялдуулан эко байх, ногоон байгаль дэлхийгээ хамгаалахын чухлыг таниулах, залуучуудын өөрсдийнх нь оролцоонд тулгуурлан ойлгуулах томоохон зорилго тавин ажиллаж байна. Наадмыг НҮБ-ын гишүүн 195 орны 18 нас хүртэлх залуучуудын дунд, спортын 19 төрлөөр зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм.


У.Хүрэлсүх: Төрийн тахилгат, ард түмний шүтээн "Отгонтэнгэр" хайрханыг ухуулахгүй



“Аймаг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарын зөвлөгөөн”-өнгөрсөн долоо хоногт Төрийн ордонд боллоо. Зөвлөгөөний хаалтад Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг товч танилцуулж,  зарим үүрэг даалгаврыг өглөө.


Монгол Улсын Ерөнхий сайд хэлэхдээ, Засгийн газраас Сахилга хариуцлага дэг журмыг чангатгаж, Иргэн төвтэй засаглалыг хэрэгжүүлэн  2018, 2019 онд тодорхой үр дүн гаргалаа. МИАТ, Эрдэнэс таван толгой, Эрдэнэт үйлдвэр, зэрэг төрийн өмчит үйлдвэрийн газрууд хуримтлагдсан өрнөөс гарч, анх удаа цэвэр ашигтай ажилласан. Газрын тос, гангын боловсруулах үйлдвэр, УЦС,  Сайжруулсан түлшний үйлдвэрүүдийн бүтээн байгуулалтыг  эхэлж, дотоодын ажиллах хүчинд тулгуурлаж төмөр зам, автозам барьж, цэцэрлэг, сургууль, эмнэлэг, зэрэг 338 обьект шинээр ашиглалтад оруулж, 1800 гаруй км хатуу хучилттай авто зам барилаа. Цаашид бүтээн байгуулалтын ажлуудыг үргэлжлүүлж, цахилгаан эрчим хүчний хангалтыг нэмэгдүүлэх, 2020 онд бүх аймгийн төвийг хатуу хучилттай автозамаар холбох, хүнсээ дотоодоосоо бүрэн хангах, атрын аяныг үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарна гэв.


Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын дүнд Завхан аймагт  олгоод байсан уул уурхайн лиценз цэгцлэгдэж, 50 хувь  буурсан ч Отгон сум дах Отгонтэнгэр хайрханы бэлд лиценз эзэмшигч этгээдүүд  олборлолт хайгуул хийж эхэлсэн нь орон нутгийн удирдлагын түвшинд шийдвэрлэх боломжгүйг Завхан аймгийн засаг дарга Д.Батсайхан мэдэгдсэн.  Энэ асуудлыг  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх анхааралдаа авч шийдвэрлэнэ гээд Төрийн тахилгат, ард иргэдийн шүтээн хайрханд олборлолт хайгуул хийхийг зөвшөөрөхгүй. Лицензийг цуцална гэдгээ мэдэгдлээ.


ХЭҮК-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа



УИХ-ын чуулганы энэ сарын 23-ны хуралдаанаар, ХЭҮК-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 63.5 хувийн саналаар баталлаа. 


Хуульд, тус комиссын гишүүнд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах ажиллагааг олон нийтийн оролцоотой, ил тод, нээлттэй зохион байгуулахаар тусгасан байна. Мөн комисс нь үйл ажиллагаагаа хараат бусаар хэрэгжүүлэх хангалттай төсөвтэй байх, хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, эрхийг сэргээх, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх төсөв боловсруулж, батлуулах шатлалыг тодорхой заажээ. Түүнчлэн комиссын хуралдааны журмыг нарийвчлах, комиссоос хүргүүлж буй шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг биелүүлэхгүй удаашруулах, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох талаар алхам хийгээгүй тохиолдолд хариуцлага тооцох үндэслэл, бие даасан, хараат бус эрүү шүүлтийн эсрэг үндэсний урьдчилан сэргийлэх механизм бий болгох заалт тусгасан байна.


УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зөв хэмээн үзэв



УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо энэ сарын 24-нд хуралдаж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зөв хэмээн үзжээ.


УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас өөрийн хамаарал бүхий этгээдэд зээл авч өгсөн байж болзошгүй хэмээн хуулийн байгууллага шалгаж буй. Н.Номтойбаяр гишүүн уг асуудлаар хэвлэлийн бага хурал хийхдээ хэргийн нууцыг задруулсан хэмээн Улсын ерөнхий прокурорын газраас түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх бичиг ирүүлсэн юм.


УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай холбогдох хэргийг шалгахад албан тушаалын бүрэн эрх нь саад болж байгаа тул түдгэлзүүлэх нь зөв хэмээн үзсэн гэдгийг тус дэд хорооны дарга Ц.Нямдорж мэдээлсэн юм. Мөн тэрбээр нийгэмд үүсээд буй хардлага, сэрдлэгийг эцэслэхийн тулд бүрэн эрхээсээ татгалзан шалгуулаад, нэр төрөө сэргээлгэх нь зөв гэлээ.


Уг асуудлыг ирэх долоо хоногт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцсэний дараа чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ.

相关新闻