ЭМДС-гаас олгодог зардлын хэмжээ нэмэгдэж 400 мянган төгрөг боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Даатгуулагч улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхдээ 300 мянган төгрөгийн хөнгөлөлтийг Эрүүл мэндийн даатгалын сан /ЭМДС/-гаас эдэлдэг байсан бол энэ сарын 1-нээс 400 мянган төгрөгийн суурь тарифаар тооцож хөнгөлөлт авах боломж бүрдлээ. Энэ тухай ЭМДЕГ өнөөдөр мэдээлэв.
Даатгуулагчийн өвчний оношоос хамаарч ялгаатай байх бөгөөд хамгийн дээд тал нь 1.682.000 төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой болжээ. Харин хувийн хэвшлийн эмнэлэгт хэвтэхдээ 175 мянган төгрөгийн хөнгөлөлт эдэлдэг байсан бол одоо ЭМДС-гаас олгох зардлын хэмжээ 225 мянган төгрөгөөр нэмэгдэж суурь тариф 400 мянган төгрөг болж улсын эмнэлэгийнхтэй ижил болсныг албаныхан хэллээ.
ЭМДЕГ-ын дарга Г.Баясгалан хэлэхдээ, “ЭМДЕГ болон эмнэлгийн байгууллагад тулгардаг асуудлын
нэг нь санхүүжилт юм. Санхүүжилт нь зарлагадаа хүрэхгүй байгаа учир иргэдээс
мөнгө гардаг. Үүнийг багасгах зорилгоор НД-ын үндэсний зөвлөлийн тогтоол
гарсан. Энэ тогтоолын нэг онцлог гэвэл өмнө нь хувийн хэвшил, төрийн хэвшлийн
байгууллагын хэвтэн эмчлэх үйлчилгээний үнэ харилцан адилгүй байсан бол үнийг
ижил болгож буйгаараа давуу талтай юм. Ингэснээр даатгуулагчид зөвхөн улсын эмнэлгийн
орны дараалал хүлээх шаардлага багасаж хувийн эмнэлгүүдээс сонгон цаг
алдалгүй хэвтэн эмчлүүлж эрүүлжих боломж нээгдэнэ” гэв.
Мөн эрүүл мэндийн байгууллагууд даатгуулагчдад уламжлалт эмчилгээ, сувиллын тусламж үйлчилгээ, сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлэхэд ЭМДС-гаас 110-117 мянган төгрөг олгодог байсан бол энэ сарын 1-нээс нэмэгдэж тусламж үйлчилгээ тус бүрт 250 мянган төгрөг олгож эхэлжээ.
П.Хүслэнтуяа