Тархины гүний байрлалтай хавдруудын мэс засал эмчилгээний технологийг нутагшуулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Улсын гуравдугаар төв эмнэлэгт тархины гүний байрлалтай хавдруудын мэс засалд шаардлагатай технологийг нэвтрүүлж тоног төхөөрөмжийг өчигдөр хүлээлгэн өглөө.
”Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчлөлийг бууруулах” бодлогын хүрээнд тус эмнэлэгт “Тархи, нугасны гүний, төвөгтэй байрлалтай хавдар, хавдар төст эмгэгийн мэс засал эмчилгээ”-г бүрэн нутагшуулахаар БНТУ-ын КОЧ их сургуулийн эмнэлэг, Американ эмнэлгүүдэд эмч мэргэжилтнүүдийг сургажээ.
Багийн бүрэлдэхүүн тархины ховдлын байрлалтай хавдар 5, таламус болон суурийн зангилааны хавдар 7, өнчин тархины (гипофизийн) хавдар 6 тохиолдол, тархины гүний бүтцэд байрласан хавдрын нийт 18 тохиолдолд тус мэс заслыг эх орондоо амжилттай хийж гүйцэтгэн, өндөр хөгжилтэй улсад эзэмшсэн мэс заслын орчин үеийн арга техник, ур чадвараа ашиглан эмнэлзүйн практикт богино хугацаанд бодит үр дүн гаргаж эхлээд байгаа аж.
Тархины гүний бүтцүүдэд хүрэх нь нарийн төвөгтэй, өндөр эрсдэлтэй үйлдэл боловч дээрх технологийн дэвшлийг эмчилгээний практикт амжилттай нэвтрүүлснээр оношилгоо, мэс заслын чанарыг шинэ шатанд гаргаж буй үр дүнгийн илрэл юм. Цаашид тус эмнэлгийн баг хамт олон ийм төрлийн мэс заслыг улам бүр хөгжүүлж, тархины хүнд хэлбэрийн хавдруудад хандалтын илүү аюулгүй, үр дүнтэй аргуудыг нэвтрүүлэхээр ажиллаж буйг эмнэлгийн удирдлагууд онцоллоо.