Д.Дагвадоржийг ДБНХ-ны “Алтан од” одонгоор шагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-04-25 09:47:54

Зуны олимпийн ХХХI наадмын сонгомол, чөлөөт бөхийн барилдааны сонгон шалгаруулах дэлхийн “The first “Last-Chance”, “Эхний сүүлийн боломж” тэмцээн Улаанбаатар хотноо Буянт-Ухаа спортын ордонд 3 өдөр үргэлжилж амжилттай өндөрлөлөө.

Энэ өдөр тус тэмцээнийг амжилттай зохиож чөлөөт бөхийн спортыг эх орондоо хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос МЧБХ-г “Тусгай шагнал”-аар, холбооны ерөнхийлөгч Д.Дагвадоржийг ДБНХ-ны дээд шагнал “Алтан од” одонгоор шагнасныг тус холбооны ерөнхийлөгч Н.Лалович гардуулж баяр хүргэв.

Бөхийн спортыг дэлхий даяар хөгжүүлэх үйлсэд оруулж байгаа их хувь нэмрийг нь үнэлж ДБНХ-ны ерөнхийлөгч Н.Лаловичийг МҮОХ-ны “Олимпийн алдар” одонгоор шагнасныг МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, Ардын багш, Ц.Дамдин гардуулав.

Эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд 51 орны 142 бөх өрсөлдсөн бөгөөд 97 кг-д ОУХМ Д.Хүдэрбулга нэгдүгээр тойрогт грекийн бөх Мишель Цикованийг 10:0, хоёрдугаарт тойрогт Унгарын бөх Атилла Смикийг 2:0, гуравдугаар тойрогт ХБНГУ-ын бөх Геннадий Кудиновичийг 3:1 оноогоор тус тус ялсан юм.

Тэрбээр хагас шигшээ буюу олимпийн эрхийн төлөө барилдаанд Узбекстаны бөх Магомед Идрисович Ибрагимовт 2:9 онооны харьцаагаар дийлдэж дагах барилдаанд Өмнөд Солонгосын бөх Ким Жае Кангийг 4:1 онооны харьцаагаар өвдөг шороодуулсан ч олимпийн эрхийн төлөө барилдаанд Молдавын бөх Николай Чебанд 4:9 оноогоор хожигдон эрх авч чадсангүй. Одоо ирэх сард Туркт болох сүүлийн тэмцээнээс эрх авах ганц боломж үлдлээ. Энэ тэмцээнд хүч үзсэн манай 3 бөх нутгийнхаа дэвжээн дээр олимпийн эрхийн төлөө барилдаж ялагдсанд хөгжөөн дэмжигчид сэтгэл дундуур байв.

Харин “Рио-2016” олимпийн дэвжээнд хүч үзэх 9 эрхийг өвөртлөөд байгаа манай чөлөөт бөхийн тамирчид олимпийн аварга төрүүлнэ гэдэгт манай бөх сонирхогчид итгэж найдаж байгаа. Тус тэмцээний сүүлийн өдөр Молдав, Польш, Туркийн эрэгтэй бөхчүүд олимпийн хошой эрх хүртсэн юм.

Д.Өлзий

 

相关新闻