Зэвсэг нэгдсэн арга хэмжээний хүрээнд хийсэн ажлаараа улсад тэргүүн байр эзэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-02-07 16:49:34

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар улсын хэмжээнд зохион байгуулсан “Зэвсэг” нэгдсэн арга хэмжээний хүрээнд хийсэн ажлаараа тэргүүн байр эзэлжээ. Тус хамт олон хариуцсан нутаг дэвсгэрт бүртгэлтэй байгаа 1110 галт зэвсэг, 9 галт зэвсэгтэй адилтгах хэрэгслээс 1087 буюу 97.9 хувийг бүртгэжээ.

Энэхүү үйл ажиллагааг чанартай, үр дүнтэй зохион байгуулахад аймгийн болон бүх сумын Засаг дарга, хууль хяналтын байгууллагуудын хамтын ажиллагаа чухал нөлөө үзүүлжээ. Иймээс тус хамт олны зүгээс хамтран ажилласан бүх байгууллагадаа талархал илэрхийллээ. Цагдаагийн газраас "Зэвсэг" тусгай арга хэмжээг энэ оны 1 дүгээр сараас эхлэн зохион явуулж байгаа аж. Мөн 2019 онд тооллогод хамрагдаагүй 23 галт зэвсгийг нөхөн тоолох ажил үргэлжлэн явуулж байгаа гэнэ. Галт зэвсэг эзэмшигч иргэд энэ тухай ямар нэгэн мэдлэг, мэдээлэл дутмаг байдгаас зөрчил дутагдал гаргах нь олонтаа байдаг аж. Иймээс Цагдаагийн байгууллагын зүгээс иргэд олон нийтэд галт зэвсэг эзэмшигчдэд дараах мэдээллийг өглөө.

Галт зэвсгийг гэрчилгээжүүлж байна

Тухайлбал тус байгууллагын зүгээс иргэд өөрсдийн гар дээр байгаа нуугдмал, бүртгэлгүй, бичиг баримтгүй галт зэвсгийг өөрсдөө сайн дурын үндсэн дээр Цагдаагийн газарт авчирсан тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу галт зэвсгийг гэрчилгээжүүлэх ажлыг тасралтгүй зохион байгуулах гэнэ.

Мөн Монгол Улсын Галт зэвсгийн тухай хууль шинэчлэн батлагдсантай холбоотойгоор галт зэвсэг эзэмших хүсэлтэй иргэнийг “Галт зэвсгийн аюулгүй ажиллагааны сургалт”-д заавал хамруулсан байх ёстой аж. Иймээс эл сургалтын хүрээнд цагдаагийн байгууллагаас хууль эрхзүйн хичээл, буудлагын болон дадлагын хичээл, сургалтыг тогтмол явуулж байгаа хэмээн албаны хүн хэллээ.

Мөн хууль, эрх зүйн хүрээнд галт зэвсгийг хэрхэн хадгалах, тээвэрлэх, ашиглах, хэн нэгэнд шилжүүлэх, бүртгүүлэх гэх мэт зааварчилгаа, хууль зүйн мэдлэгийг олгож байгаа аж. Цагдаагийн газраас 2019 онд аймгийн хэмжээнд галт зэвсэг эзэмших, ашиглах, аюулгүй ажиллагааны сургалтыг гурван удаа хийсэн байна. Он гарсаар энэ төрлийн сургалтыг хоёрдугаар сард дахин зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангажээ. Гэвч улсын Онцгой комиссын шийдвэр, Монгол Улсын Засгийн газраас гаргасан тогтоол, аймгийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байгаа гэнэ.

Галт зэвсгийн албан татварын хэмжээ нэмэгджээ

Ташрамд дуулгахад, галт зэвсэг эзэмшиж байгаа иргэн, хуулийн этгээд тухайн оныхоо 12 дугаар сарын 01-ний дотор галт зэвсгийн татварыг төлсөн байхыг шаарддаг байна. Галт зэвсгийн тухай хууль өөрчлөгдсөнөөр Галт зэвсгийн албан татварын тухай хууль мөн өөрчлөгдөж татварын хэмжээ нэмэгджээ. Өмнө нь 4000, 6000 төгрөг гэсэн хоёр үнийн дүнгээр татвар ногдуулдаг байсан бол шинэчилсэн хуулиар 6.4 мм хүртэл галт зэвсэг эзэмшдэг бол 30 мянган төгрөг, 6.5 мм дээш галт зэвсэг эзэмшдэг бол 60 мянга, үрлэн сумтай галт зэвсэг 30 мянган төгрөг, спорт сургалт болон үзмэр цуглуулгын зориулалттай галт зэвсэг жилийн 15 мянган төгрөгийн татвар төлөхөөр болжээ. Мөн цагдаагийн байгууллагаас хөнөөх чадваргүйг нь тодорхойлсон цуглуулгын зориулалттай галт зэвсэгт татвар ногдуулахгүй гэсэн шинэчлэлүүд орсон аж.


Гадаад улсаас галт зэвсэг худалдан авах тохиолдолд зөвшөөрөл авах шаардлагатай

Түүнчлэн хууль бусаар сум, галт зэвсэг эзэмшиж байгаад хураалгасан иргэд холбогдох хууль тогтоомжийн дагуу Цагдаагийн газарт материалаа бүртгүүлж өгөөгүйгээс болж, шинжилгээнд тэнцсэн, тэнцээгүй эсэхээс үл хамааран ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төв рүү улсын орлого болгох, устгалд оруулахаар хүргэгддэг аж.

Тухайлбал 2019 онд 39, 2020 онд 27 галт зэвсэг энэ журмын дагуу тус тус хүргэгдээд байгаа гэв. Иймээс иргэд хууль тогтоомжоо сайтар судлан, сургалтад идэвхтэй хамрагдаж байхыг Цагдаагийн газраас хүсч байна. Мөн гадаад улс орноос галт зэвсэг худалдан авах тохиолдолд Цагдаагийн Ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс зөвшөөрөл авах шаардлагатай юм байна. 

相关新闻