Хүрлийн үеийн үзмэрүүдээ Үндэсний музейд дэлгэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬТавдугаар сарын 2- ноос эхлэн 14 хоногийн турш Монголын Үндэсний музейд “Хүрэл зэвсгийн үеийн урлагийн гайхамшиг” хэмээх үзэсгэлэн олны хүртээл болно. Энэ үзэсгэлэнг Дундговь аймгийн музей дэлгэх бөгөөд үүнд тус музейн сан хөмрөгт хадгалагддаг хүрлийн үеийн ховор содон үзмэрүүд багтах юм.
Хүрлийн үеийн олдвор нь дөрвөлжин булш, шоргоолжин булш, бунхан, хиргисүүр, тахилга тайлгын онгоноос болон түүвэр байдлаар олддог байна. Ингэж түүвэр байдлаар олдсон арвин цуглуулгыг сан хөмрөгтөө бүрдүүлсэн Монголын цөөн музейн нэг бол Дундговь аймгийн музей юм. Монгол нутагт амьдарч байсан нүүдэлчин овог аймгийнхан хөгжлийнхөө явцад зэсийг хорголжин тугалгатай хольж хайлан хүрэл гэдэг нийлэг төмөрлөгийг гарган авч чадсан бөгөөд НТӨ II мянган жилээс үйлдвэрлэлд өргөн нэвтэрсэн гэж үздэг байна.
Дундговь аймгийн музейн сан хөмрөгт одоогоор 700 гаруй хүрэл эд өлгийн зүйлс хадгалагддаг. Хүрлийн үеийн хүмүүсийн хийж байсан бүтээл болох хүрэл сумны зэв, хутга, хүрэл ооль, цүүц, халбага, шөвөг, арал, ээмэг, толь, хонх зэрэг ахуйн хэрэглээний эд зүйлс хүрэл үзмэрт олон байдаг ажээ.
Хүрлийн үеийн үзмэрүүдээрээ бусад музейнээс онцгойрдог Дундговь аймгийн музей таних тэмдэгээ хүртэл морь барьж буй чонын дүрс бүхий хүрэл үзмэрээр хийсэн бөгөөд эл үзмэрийг түүх соёлын үнэт зэрэглэлд бүртгэсэн байдаг.
Т. Отгонтуяа