Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Маргааш өдөр Увсын зүүн, Завханы хойд хэсгээр цасан шуурга шуурч, Говь-Алтайн нутаг, Ховд, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
Мөн баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, энэ сарын 8-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурч, хүйтрэхийг малчид, тээвэрчид, иргэдэд онцгойлон анхаарууллаа.
2020 оны 3 дугаар сарын 8-12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
танилцуулж байна. Энэ сарын 8-нд төв, говь, зүүн аймгуудын нутаг, баруун
аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 9-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим
газраар, 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн
зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 8-нд төв, говь, зүүн
аймгуудын нутгаар, 11-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, 9, 10-нд зарим
газраар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч
Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий,
Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 31-36 градус, өдөртөө 17-22 градус, Хангай,
Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн,
Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 11-16 градус,
говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус,
бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.