10 зорчигчийг түр тусгаарлахаар Дархан-Уул аймгийн Онцгой комисст шилжүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Энэ сарын 13-ны өдрийн 12:00 цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор 76 тээврийн хэрэгсэл нэвтэрснээс 22 монгол зорчигч, 29 ачаа тээврийн хэрэгсэл тээвэрлэж яваа гадаад иргэн нийт 51
зорчигч орж иржээ.
Зорчигчдын биеийн халууныг хэмжин, эрүүл мэндийн асуумж
авахад өвчлөл бүртгэгдсэн орноос дамжин ирсэн 10 зорчигч байсан тул ажиглалтад
түр тусгаарлахаар Дархан-Уул аймгийн Онцгой комисст шилжүүлсэн байна.
Гарах чиглэлд 45 тээврийн хэрэгслээр 22 монгол, 68 гадаад нийт 90 зорчигч гарчээ. Алтанбулаг боомтоор орж, гарсан нийт зорчигчдод COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг тогтмол өгч ажиллаж байгаа гэнэ. Сүхбаатар боомтоор орох, гарах чиглэлд галт тэрэг аялаагүй байна. Аймгийн хэмжээнд 8 суманд байнгын хяналтын 11 цэг ажиллаж байгаа ажээ.
Хяналтын цэгт Онцгой байдал, Цагдаа, Эрүүл мэнд, Мэргэжлийн хяналт, сумдын ЗДТГ, төр төсвийн байгууллагын нийт 59 албан хаагч, 23 тээврийн хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байна. Хяналтын цэгийн орох, гарах хөдөлгөөнд нийт 531 зорчигч, 1234 тээврийн хэрэгсэл дамжин өнгөрчээ. Зорчигчдод сурталчилгааны материал тарааж, холбогдох заавар зөвлөмжийг өгч байгаа аж.
Хилийн боомт, Алтанбулаг сумаар дайран өнгөрч буй Олон улсын чанартай авто замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслийг ариутгах ариутгал халдваргүйтгэлийн пунктээр 3 дугаар сарын 01-13-ны өдрүүдэд ОХУ-аас Алтанбулаг боомтоор дамжин орж ирсэн ачааны 247, суудлын 77, автобус 19, дугуйтай иргэн нэг, нийт 343 тээврийн хэрэгсэлд ариутгал хийж, 695 зорчигчдод зөвлөмж өгчээ.
Түүнчлэн Сэлэнгэ
аймгийн Онцгой комиссоос ард иргэдийн амар тайван,
эрүүл аюулгүй орчин нөхцөлд амьдрах боломжийг ханган ажиллаж байна. Тодруулбал аймгийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу аймгийн хэмжээнд 70 нохой, муурыг устгажээ. Мөн шинэ
коронавирусний халдвараас сэргийлэх, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг 39
байгууллагад хийсэн байна.