"Барилга Экспо-2016" Олон Улсын үзэсгэлэнд 250 байгууллага оролцонo
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭММонгол Улсын барилгын салбарын өнөөгийн хөгжлийг тодорхойлдог "Барилга Экспо-2016" Олон Улсын үзэсгэлэн маргааш нээлтээ хийх гэж байна.
Энэ жилийн тухайд Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд “Барилгын Материал, дэвшилтэт техник технологи”, “Орон сууц, үл хөдлөх хөрөнгө”-ийн чиглэлээр тус тус Мишээл Экспод найм дахь жилдээ болох юм. “Барилга Экспо 2016”-д 250 гаруй аж ахуй нэгжүүд өөрсдийн явуулж буй үйл ажиллагаа, орон сууц болон хамгийн сүүлийн үеийн барилгын салбарт нэвтэрсэн техник, технологи, бараа бүтээгдэхүүнийг танилцуулах аж. Эдгээрт дотоодын үйлдвэрлэгч, барилга угсралтын компаниуд төдийгүй Австри, БНХАУ, Өмнөд Солонгос, Герман, Хонконг, Япон, Орос, Турк, Тайван зэрэг дэлхийн олон улсын компаниуд оролцон, бараа материалынхаа үнийг 20 хүртэлх хувиар хямдруулж, шинээр баригдсан орон сууцны үнийг ч төлбөрийн нөхцөлөөс хамааруулан уян хатан болгожээ.
Түүнчлэн үзэсгэлэнгийн өдрүүдээр сургалт, семинар, эрдэм шинжилгээний бага хурал, шинэ дэвшилтэт технологийн танилцуулга явуулахаас гадна “Орон сууц, үл хөдлөх хөрөнгө”-ийн үзэсгэлэнд нийслэл хотод захиалга авч буй 100 гаруй шинэ орон сууцны танилцуулга, худалдаа хийх юм байна. Дээрх компаниудын орон сууцны үнэ зах зээлийн ханшийн хамгийн доод үнэлгээ буюу м/кв нь 1.300.000-аас эхлэх аж. Үзэсгэлэнд өндөр зэрэглэлийн орон сууц, хауснаас авахуулаад дахин төлөвлөлт болон 5, 8 хувийн зээлд хамрагдаж буй орон сууцнууд мөн багтжээ.
“Барилгын Материал, дэвшилтэт техник технологи” үзэсгэлэн энэ сарын 29-нөөс 5 дугаар сарын 1, “Орон сууц, үл хөдлөх хөрөнгө” үзэсгэлэн 5 дугаар сарын 6-8-нд үргэлжлэх аж.
Н.Туяа