Гояанг хотын даргад Байгаль орчны тэргүүний ажилтан цол тэмдэг гардуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМандалговь хотын захирагч М. Баянсан өнгөрөгч долоо хоногт БНСУ- ын Гояанг хотын дарга Чой Сангт Монгол Улсын БОНХАЖ- ын яамны Байгаль орчны тэргүүний ажилтан цол тэмдгийг гардуулав.
2009 онд БНСУ- ын “Ногоон Ази” төрийн бус байгууллага Мандалговь хотод 10 жилийн хугацаатай ойжуулалт эхлүүлсэн. Мандалговийнхны нэрлэдэгээр “Гояангийн төгөл”- д 2019 он гэхэд нийт 100 га газар 100 мянган мод тарьсан байх юм. Одоогийн байдлаар “Гояангийн төгөл”- ийн 45 га- д 43 мянган мод ургаж байна. Удаан хугацаанд үргэлжлэх Монголын говийн энэ ойжуулалтад Гояанг хот хөрөнгө оруулж байгаа бөгөөд үүнийг Монгол Улсын БОНХАЖ- ын яам ийнхүү үнэлжээ.
Гояанг хотынхон жил бүрийн хавар олон улсын цэцгийн баяр зохион байгуулж, үүндээ Дундговь аймгаас зочид урьдаг. Энэ удаад Мандалговь хотын захирагч уригдсан бөгөөд тэрээр Цэцгийн баяр, “Гояанг-Олон улсын соёлын хот” дөрөвдүгээр форумд оролцох үеэр хотын дарга Чой Сангт улсаа төлөөлөн энэхүү шагналыг гардуулсан байна.
Т. Отгонтуяа