“Маскаа зүүцгээе” аян Завхан аймагт идэвхтэй өрнөж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан /МОНЦАМЭ/. Завхан
аймаг “Маскаа зүүцгээе” аяныг эхлүүлж олон нийтийн газруудаар санамж зөвлөмжийг
тарааж эхэллээ.
Монгол Улсын Онцгой комиссын 16 дугаар хуралдаанаас “Маскаа зүүцгээе” аяныг улсын хэмжээнд зохион байгуулах 9 дүгээр тогтоол гарсантай холбоотой Завхан аймгийн Онцгой комиссын 01 тоот тогтоол гаргаж үүний дагуу “Маскаа зүүцгээе” аяныг дөрөвдүгээр сарын 13-ны өдрөөс эхлүүлж тавдугаар сарын 31-ний өдөр хүртэл зохион байгуулахаар болов. Аяны хүрээнд коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгааг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон зах худалдааны төвүүдийн узелээр дамжуулан иргэдэд хүргэж эхэлжээ.
Өнөөдрийн байдлаар томоохон зах худалдааны төвийн узелээр нийт 18 удаагийн давтамжтайгаар сэрэмжлүүлэг, уриалгыг дамжуулаад байна. Мөн төрийн болон хувийн аж ахуйн нэгж байгууллага бүрийн ажилтнууд амны хаалт зүүж хэвших, зөвхөн амны хаалттай иргэдэд үйлчилгээ үзүүлэх. Гар ариутгалын бодисыг заавал байлгаж иргэдийг гараа ариутгаж үйлчлүүлэх боломжоор хангах. Ковид-19 халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх талаарх заавар зөвлөмжийг үйлчлүүлэгчдэд өгөхийг дээрх тогтоолоор даалгажээ.
Иргэдийн амны хаалтны хэрэглээнд хяналт тавьж байна
Аймгийн Онцгой комиссын
тогтоол гарсантай холбоотой амны хаалт заавал хэрэглэхийг иргэдэд уриалж олон
нийтийн газруудад санамж, зөвлөгөө бүхий зурагт хуудсыг тараан байршуулж
байна.
Аймгийн Цагдаагийн газар ГБХЗХГ-ын ажилтнуудын хамтарсан эргүүл өдөр бүр ажиллаж бөөгнөрөл үүсгэсэн болон ерөнхий боловсролын хүүхдүүдэд хяналт тавин ажиллаж байна.
Мөн аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид санамж зөвлөгөө мэдээллийг олон нийтийн газруудад, томоохон зах худалдааны төвүүдээр өгч, иргэн бүрд амны хаалтаа зүүж хэрэглэхийг уриалж байна. Иргэдийн амны хаалтны хэрэглээ сайн байна. Гэсэн хэдий ч амны хаалтыг буруу зүүх, халаасалж явах, нэг удаагийн амны хаалтыг байнга зүүх, хэрэглэсэн амны хаалтаа зааврын дагуу хаяхгүй байх зэрэг зөрчил байна. Мөн зарим иргэн амны хаалт зүүхээс төвөгшөөх зэрэг хандлага нь албан хаагчдад хүндрэл учруулж байна. Амны хаалтыг стандартын дагуу зүүж хэвших, иргэдийг уриалан дуудах, бусдадаа шаардлага тавих нь таныг болон таны гэр бүлийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн том боломж гэдгийг зарим иргэн ойлгохгүй байгаа нь харамсалтай юм.
Монгол Улсад Ковид-19 халдварын тохиолдол нэмэгдсээр байгаа энэ үед амны хаалт, гарын ариун цэврийг өндөр хэмжээнд сахих нь иргэн бүрийн үүрэг юм. Халдварын цар тахлаас өөрийгөө болон, гэр бүлээ хамгаалах нь бүх хүний үүрэг. Амны хаалт нь агаарын бохирдол, амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тархалтыг бууруулах зориулалт бүхий хамгаалалт юм. Тиймээс олон дахин хэрэглэх амны даавуун хаалтыг зүүх. Эсвэл нэг удаагийн амны хаалтыг зөв хэрэглэж, хэрэглэсэн амны хаалтыг зааврын дагуу хаяж сурах хэрэгтэй байна. Ингэснээр ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, халдвар тархахаас урьдчилан сэргийлж чадна хэмээн албаныхан зөвлөж байна.