Ш.Оргил: Иргэдийн эрх ашгаа нэн түрүүнд тавина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил нутгийнхны ярьж заншсанаар “25 дугаар гарам”-ын иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. Тус аймгийн Сүхбаатар
сумын 8-р багийн нутаг дэвсгэр дэх уг гарамтай холбоотой асуудлаар өнгөрсөн намраас эхлэн үл ойлголцол үүсээд өнөөдрийг
хүрч байгаа юм.
Учир нь тус багт амьдардаг айл өрхүүд, төмөр замын байгууллага хоёрын дунд гарам хааснаас үүдэлтэй ийн зөрчил үүсээд байгаа аж. Төмөр замын байгууллага гурван эгнээ зам тавьж, өргөтгөл хийснээр уг гармын айл өрхүүдийн гарч, ордог зам хаагдаад байгаа. Улмаар уг хэсэгт очих автомашин 10 гаруй км замаар тойрч явдаг болжээ. Ингэж тойрч очих нь эрсдэл дагуулж байгааг хэдхэн хоногийн өмнө тус газарт гарсан гал түймэр бэлхэн харуулаад авсан байна. Энэ байдлаас үүдэн оршин суугчид маш ихээр бухимдаж буйгаа аймгийн даргатай уулзах үеэрээ илэрхийллээ.
Анх ажил эхлэхдээ төмөр замын зүгээс аймгийн Засаг даргад цөөн хоногийн хугацаатай зам засварын ажлыг хийнэ гэдгээс өөр албан хүсэлт илэрхийлээгүй аж. Гэтэл тэрхүү богино хугацааны засвар нь эцэстээ “хаалт” болон хувирчээ. Аймгийн Засаг дарга Ш.Оргил тухайн гармыг нээлгэх байр суурьтай байгаагаа иргэдийн төлөөлөлтэй уулзахдаа илэрхийллээ. Тэрээр: ”Миний энэ байр суурийг дээд удирдлагууддаа албан ёсоор танилцуулж, арга хэмжээг хурдан хугацаанд ав” гэдгээ Сүхбаатар зангилааны дарга Л.Довчинбазарт хэллээ. Мөн тэрээр аймгийн даргын хувьд иргэдээ тэргүүн эгнээнд хамгийн эхэнд тавина. Төмөр замын зүгээс оршин суугч иргэдийг чөлөөтэй гарч, орох боломж нөхцөлөөр хангахгүй бол хариу арга хэмжээг авна” хэмээв.
Төмөр замын байгууллагаас шинээр тавьсан гурван эгнээ замын гарам дээр зөвхөн явган хүн гарах гарцыг хийсэн аж. Автомашинтай, таксигаар зорчих оршин суугчид бойны тохой болон буурийн голын гүүрээр явж байгаа гэв. Буурийн голын тунель гүүр автомашины албан ёсны зам биш бөгөөд зөвхөн бага оврын машин амаргүй нөхцөлд гардаг байна. Харин гал унтраах, худаг усны болоод хүнд даацын том оврын автомашинууд 10 км гаруй явж бойны тохойгоор тойрч явахаас өөр аргагүй байдалд хүрчээ.






