Дундговь аймагт 29 мянга 584 сонгогч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-05-03 14:15:47

Сонгуулийн тухай хуулийн дагуу иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө буюу 4 дүгээр сарын 29- ны өдөр зогсоосон. Хүн амын шилжилт хөдөлгөөнийг зогсоосон үеийнхээр Дундговь аймагт сонгуулийн насны 29 мянга 584 иргэн байна.

3 дугаар сарын нэгэнд Бүртгэл, Статистикийн газрын цахимд байршуулсан сонгогчдын нэрсийн жагсаалтад 29 мянга 652 иргэний нэр байсан юм. Шилжилт хөдөлгөөнийг зогсоох хүртэлх хугацаанд энэ тоо бага зэрэг буурчээ.

Иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс өөр нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг зогсоосон ч сонгогчдын шилжилт хөдөлгөөн зургадугаар сарын 15 хүртэл үргэлжилнэ.

Дээрх тооноос харахад Дундговь аймгийн сонгогчдын тоо 2012 оны сонгуулийн үеийнхээс 700 гаруйгаар өссөн байна. Өмнөх сонгуулиар сонгуулийн насны 28 мянга 824 иргэний нэрс эцсийн байдлаар гарч байсан бол тэдний 65.72 хувь буюу 18 мянга 944 иргэн саналаа өгсөн байдаг.

 Т. Отгонтуяа

相关新闻