МОНЦАМЭ агентлагийнхан салбарын шагнал хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2016-05-03 17:06:18

МСНЭ-ийн гүйцэтгэх захирал С.Алтанцэцэг, МСНЭ-ийн менежер Ч.Үлэмжхүү нар өнөөдөр  Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн МСНЭ-ийн гишүүдтэй уулзаж, Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэнд дэвшүүллээ.

МОНЦАМЭ агентлагийн дарга сэтгүүлчдэд шагнал гардуулах ёслолын ажиллагааг нээж хэлэхдээ А.Баатархуяг “Юуны өмнө Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг нийт хамт олондоо хүргэе. МОНЦАМЭ агентлагийн ажилтнуудын 60 гаруй хувь нь МСНЭ-ийн гишүүн. Өнөөдөр сэтгүүлчид эрх чөлөө, хэвлэн нийтлэх эрхийнхээ төлөө санал бодлоо хэлж байна.  Энэ цаг үед  МСНЭ-ийн гүйцэтгэх захирал С.Алтанцэцэг манай агентлагт хүрэлцэн ирж, уулзалт хийж байгаа нь сайшаалтай” гэв.

МСНЭ-ийн гүйцэтгэх захирал С.Алтанцэцэг “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг “Мэдээлэлтэй байх эрх, язгуур эрх чөлөө. Энэ бол Таны эрх” гэсэн  уриан дор тэмдэглэж байна. МСНЭ хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, Глоб интернэйшнл төвтэй хамтран дугуй ширээний уулзалтыг Нээлттэй нийгэм форумд зохион байгууллаа. Мөн өчигдөр МСНЭ, Эрдэнэт үйлдвэртэй хамтран Нийгэмд тустай сайн мэдээний аяныг эхлүүллээ. Аяны гол зорилго нь  нийгэмд тустай сайн, сайхан мэдээлэл түгээх соёлыг хэвшүүлэх, гэгээрүүлэх үйлсэд хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарынхныг идэвхжүүлэхэд чиглэж байна хэмээн онцолж, МСНЭ-ээс 2016 онд хийх ажлын талаар  танилцуулав. Тэрбээр МСНЭ энэ онд гадаад харилцаагаа сайжруулахад анхааран ажиллаж буйг онцолсон юм.

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан тус агентлагийн ажилтнуудад МСНЭ-ийн шагналыг гардууллаа. Монголын үндэсний сэтгүүлзүйн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж “Үндэсний сэтгүүлзүй-100” жилийн ойн медалиар тус агентлагийн Олон нийтийн мэдээллийн ажилтан А.Саранцэцэг, Техник үйлдвэрлэлийн хэлтсийн дарга С.Баярсайхан, “МОНТА” студийн эвлүүлэгч Ж.Эрдэнэмөнх  нарыг  шагнаж урамшуулсан юм.

Мөн Дотоод мэдээний редакцийн сэтгүүлч Б. Ариунзаяа “Түйн гол түй ч гэх усгүй болох нь” нийтлэлээр   МСНЭ-ийн  “Ган үзэгтэн” шагналыг хүртлээ.

Ж.Болор

Гэрэл зургийг Б.Чадраабал

相关新闻