Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүд 1 сая ам.долларын тэтгэлэгт хамрагдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ), Олон улсын худалдааны төв (ОУХТ)-ийн хамтарсан Цахим эдийн засаг дахь экспортлогч эмэгтэйчүүдийг дэмжих сан (Women exporters in the Digital economy-WEIDE)-гийн санхүүжилтэд хамрагдахаар шалгарсан Монгол Улсын аж ахуйн нэгжүүдийг шалгарууллаа.
Тус сангийн төслийг хэрэгжүүлэх анхны дөрвөн улсын нэгээр Монгол Улс шалгарсныг энэ оны 3 дугаар сард Женев хотноо албан ёсоор зарласан. Өнгөрсөн 4-5 дугаар сард болсон бүртгэлд Монголын 307 аж ахуйн нэгж хүсэлтээ илгээснээс 50 орчим бизнес эрхлэгч эмэгтэй шалгарч, тус сангаас 2 жилийн хугацаанд 1 сая ам.долларын өртөг бүхий санхүүгийн тэтгэлэг, сургалт зөвлөгөөн, техникийн туслалцааг авахаар болсныг Монгол Улсын Женев дэх Элчин сайдын яам мэдээлжээ.
Үүнд, цахим худалдааны шинэ боломжийг эрэлхийлж буй гарааны бизнест зориулсан санхүүжилт, цахим орчинд бизнесийн оролцоо, нөлөөгөө нэмэх, олон улсын зах зээлд өргөжихөд бэлэн болсон бизнест зориулсан санхүүжилтийг олгоно. Шалгарсан оролцогчид манай улсын экспортын бараа бүтээгдэхүүний тэргүүлэх чиглэл болох арьс шир, ноос ноолуур, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, аялал жуулчлал, хүнсний технологи, инновацийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эмэгтэйчүүдийн төлөөлөл юм.