Нийслэлд 420 объектын зөрчлийг арилгуулж газар чөлөөлнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чингэлтэй дүүргийн II хорооны нутаг дэвсгэр, 24 дүгээр сургуулийн баруун талд байрлалтай 15 тоосгон гараашийг өнөөдөр /2020.04.22/ албадан буулгажээ.
Тухайн газарт Чингэлтэй дүүргийн I, II, III хорооны иргэдэд үйлчлэх жишиг “Өрхийн эмнэлэг” барихаар төлөвлөсөн байна.
Нийслэлийн Засаг даргын
иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг
сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээг нэмэгдүүлэх, зөвшөөрөлгүй эзэмшиж
буй газруудыг албадан чөлөөлж, тоглоомын талбай бүхий автомашины давхар
зогсоол, явган хүний зам, ногоон байгууламж барьж тохижуулах А/513 дугаар Захирамжийн
хүрээнд нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас газар чөлөөлөх ажил
зохион байгуулж байна.
Нийслэлийн Газар зохион
байгуулалтын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат-Өлзий “2020
онд газрын зөрчил арилгалт, иргэдийн чөлөөтэй зорчих боломж бүрдүүлэх, улсын
төсвийн хөрөнгөөр баригдах барилгын газрын нөөц сайжруулах зэрэг олон зорилт
байгаа юм. Уг зорилтын хүрээнд 2020 онд 7 дүүргийн 150 байршилд 420
объектын зөрчлийг илрүүлэн газар чөлөөлөх төлөвлөгөөтэй. Газар эзэмших
зөвшөөрөлгүй объектын эздэд анх баригдаж байхаас нь удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн.
Мэдэгдэл авсан иргэд өөр хүнд зарсан тохиолдол гарсан. Мэдэгдэл хүргүүлсэн
учраас иргэд бидэнтэй уулзаж, зөвшилцсөн. Өрхийн эрүүл мэндийн төв барих ажил
газар чөлөөлсний маргаашаас эхэлнэ” гэлээ.
Чингэлтэй дүүргийн II хорооны Засаг даргын үүрэг
гүйцэтгэгч О.Буянтогтох “Манай хороо 3606 хүн амтай, 983 өрхтэй. I, II, III
хорооны иргэд I хорооны харьяа Өрхийн эрүүл мэндийн төвөөс эрүүл мэндийн анхан
шатны тусламж, үйлчилгээ авч, шинжилгээ өгдөг. Иймд манай хороонд жишиг Өрхийн
эрүүл мэндийн төв барих болсон нь иргэдэд төрийн үйлчилгээ ойртож, эрүүл
мэндийн тусламж, үйлчилгээ авах өргөн боломж бүрдэх юм” гэв.
Чингэлтэй дүүргийн
хэмжээнд 2020 онд 30 гаруй байршил дахь зөвшөөрөлгүй гарааш барилга, хашааг
нурааж, газар чөлөөлөх ажлыг төлөвлөгөөний дагуу хийх юм.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2019 онд Нийслэлийн Засаг даргын 2019 оны Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай А/322 дугаар захирамжийн хүрээнд 90 байршилд 141 объект чөлөөлжээ. Мөн Газрын зөрчил арилгах, орчны аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний тухай А/688 дугаар захирамжаар 150 байршилд 170 объект чөлөөлж, 240 байршилд зөрчил арилгуулж, нийт 311 объектыг чөлөөлсөн байна.
Газар чөлөөлөх ажил хийснээр хорооллын дундах автозамын 87 байршилд
орц, гарц нээж, нийтийн эзэмшлийн 31 байршлын 4151 метр квадрат газар, явган
хүний зам хаагдсан 56 байршилд 10189 метр квадрат талбай чөлөөлж, тохижилтын ажил
хийх боломж бүрдэж байгаа хэмээн Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл
мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.