Монголын улс төр өнгөрч буй долоо хоногт
ТОЙМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын улс төрд өнгөрч буй долоо хоногт өрнөсөн үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
Засгийн газрын 2019 оны 296 дугаар тогтоолыг хэсэгчлэн хүчингүй болгов
Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн сарын 27-нд ээлжит бусаар хуралдаж, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2019 оны 296 дугаар тогтоолын хоёр дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.
Монгол Улсын Засгийн газарт Тавантолгой-Зүүнбаян, Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг эрчимжүүлэх хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ҮАБЗ-өөс 2018 оны Н-33/21 дүгээр зөвлөмжийг хүргүүлсэн байдаг. Уг зөвлөмжид дээрх чиглэлүүдэд төмөр замын суурь бүтэц барих талаар бүхий л боломжит арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг чиглэл болгож, Олон Улсын хөрөнгийн зах зээл дээр IPO гаргах зэргээр санхүүжилтээ шийдвэрлэхийг зөвлөжээ. “Эрдэнэс-Тавантолгой” ХК 2018, 2019 онд ашигтай ажилласны дүнд өөрийн ашгаар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг өнөөдрийг хүртэл санхүүжүүлж байна.
ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу хөрөнгө оруулалтыг цаашид нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас 2019 онд 296 дугаар тогтоол гарган хөрөнгийн зах зээл дээр IPO гаргах зорилт тавьсан юм. Гэсэн ч сүүлийн үед улс төрийн зорилгоор ҮАБЗ-өөс өгсөн энэхүү зөвлөмжийн агуулгыг илтэд мушгин гуйвуулж тайлбарлах болсон тул зөвлөмжийн 2.1 дэх хэсгийг хүчингүй болгохыг хүсэж ЗГХЭГ-аас ҮАБЗ-д 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүсэлт илгээсэн. Гэвч уг зөвлөмжид өөрчлөлт оруулах үндэслэл шаардлага байхгүй гэж үзэж буйгаа ҮАБЗ-өөс 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр албан тоотоор ирүүлсэн байна.
"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2019 оны 296 дугаар тогтоолын хоёр дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгосноос шалтгаалж төмөр замын ажилд учирч болох хүндрэлийг урьдчилан тооцож, онцгой анхаарч ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болгов.
Бие даан нэр дэвших 208 хүний мөрийн хөтөлбөрт аудит хийж байна
Үндэсний Аудитын газарт 208 бие даан нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөө энэ сарын 24-нд ирүүлсэн талаар тус газраас энэ сарын 27-нд мэдээлэв.
Үндэсний Аудитын газраас мөрийн хөтөлбөрийг дүгнэсний дараа Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд бие даан нэр дэвшигчээр бүртгэх юм. Ингээд санал авах өдрөөс 22 хоногийн өмнө нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг олон нийтэд мэдээлэх аж. Бие даагч нарын мөрийн хөтөлбөрийг энэ сарын 25 хүртэл Үндэсний аудитын газар хүлээн авсан бөгөөд COVID-19 цар тахалтай холбогдуулан өнгөрсөн долоо хоногт хэсэгчлэн хорио тогтоогоод байв. Энэ хугацаанд биечлэн ирэх боломжгүй 10 гаруй бие даагч мөрийн хөтөлбөрөө цахимаар ирүүлсэн байна. Хөдөлгөөний хязгаар дууссан тул албан ёсоор мөрийн хөтөлбөрийнхөө бүрэн эхийг авчирч өгөхийг тус газраас сануулж байна.
Мөрийн хөтөлбөрт Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцсэн байх шаардлагыг тавьжээ. Үндэсний аудитын газар 19 нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг дүгнэснээс 12 нь дээрх шаардлагыг биелүүлээгүй тул буцаасан ч тэдгээр нам, эвсэл мөрийн хөтөлбөртөө байсан төсвийн тогтвортой байдлыг алдагдуулсан заалтаа засаж залруулжээ.
Ө.Энхтүвшин: Монгол Улс өндөр эрсдэлтэй хэвээр байна
Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг ирэх сарын 31-нийг дуустал сунгахаар УОК-ын өнгөрсөн сарын 28-ны хуралдаанаар шийдвэрлэсэн.
Энэ тухай тус комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин хэвлэлийн бага хурал хийхдээ, “Коронавирусний тархалт улам бүр газар авч, 3 сая гаруй хүн халдварласан. ОХУ-д байдал хүндэрч, “COVID-19”-өөр 87 мянга гаруй хүн, АНУ-д 1 сая гаруй хүн өвдлөө. Манай улс дотооддоо халдвар тархаагүй ч 38 тохиолдол гаднаас орж ирсэн. Тиймээс Монгол Улс маш өндөр эрсдэлтэй байгаа. Олон улсын хэмжээнд залуучууд халдвар авах тохиолдол их байгаа юм. Вирус хүнээс хүнд, хүнээс амьтанд халдварлаж байгаа. Тиймээс өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгаж байгаа”-г тодотголоо.
Мөн уг шийдвэрийг дагаад иргэдийг гурван боомтоор авах, олон улсын нислэгүүдийг цуцлах шийдвэрийн хугацааг сунгаж байгаа аж. Түүнчлэн хуралдаанаар мэргэжлийн болон богино хугацааны танхимын сургалтыг нээх асуудлыг хэлэлцсэн ч тодорхой шийдэлд хүрээгүй байна. Уг асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэж, Засгийн газраар хэлэлцүүлэхээр төлөвлөжээ.
Сонгуульд 470 гаруй тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сонгуулийн ерөнхий хорооны (СЕХ) дарга, гишүүдтэй өнгөрсөн сарын 28-нд уулзаж, өмнөх уулзалтаас гарсан үр дүн, цар тахлын нөхцөлд сонгуульд хэрхэн бэлтгэж байгаа талаар мэдээлэл сонслоо.
СЕХ-ны гишүүд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Засгийн газар, Улсын онцгой комисс болон Эрүүл мэндийн яамны удирдлагуудтай цар тахлын нөхцөлд сонгууль хэрхэн явуулах асуудлаар санал бодлоо солилцож, хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу сонгууль явуулах бэлтгэлийг базааж байгаа гэв. Гэсэн ч эрсдэлтэй, бодит аюул байгаа гэж СЕХ-ны гишүүд үзэж байна. Тухайлбал, СЕХ-ны гишүүн Р.Содхүү “нэр дэвшигчдэд хуулиар олгогдсон сонгуулийн сурталчилгааг хийх, өрх бүрээр явж сонин, сэтгүүл тараах зэрэг эрхийг нь хязгаарлах боломжгүй” байгааг эрсдэлтэй гэж үзэж байна гэлээ.
Мөн СЕХ-ны гишүүн О.Амгаланбаатар өнөөдрийг хүртэл сонгуулийг хэрхэн хийх зөвлөмж гаргаагүйгээс болж зардал хэрхэн нэмэгдэхийг ч тооцоолоогүй байгаа гэсэн юм. Мөн сонгуулийн сурталчилгаа хийх, нийтийн уулзалт хийх эрх нь хуулиар нээлттэй, нэр дэвшигчдийн тэгш өрсөлдөх эрхийг хангахын тулд эдгээр эрхийг хасаж болохгүй байгаа нь цар тахлын үед онцгой анхаарал хандуулах асуудал хэмээн үзэж байгаа гэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цар тахлын үед уламжлалт аргаараа сонгууль явуулах боломжгүй гэж үзэж байгаа бөгөөд СЕХ-ноос тулгарч байгаа асуудлаа нээлттэй ярилцаж, холбогдох байгууллагуудад нь хүргүүлэх ёстой гэсэн юм. Мөн энэ удаагийн уулзалтаар 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд ойролцоогоор 470 гаруй орчим тэрбум төгрөг шаардахаар байгаа нь цар тахлын эсрэг одоогийн зарцуулсан төсвөөс хэдэн арав дахин их байгаа талаар ярилцав.
Тухайлбал, 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд хамгийн олон буюу 800 орчим нэр дэвшигч өрсөлдөнө гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. Холбогдох байгууллагаас хийсэн зардлын судалгаагаар улсын дунджаар нэг нэр дэвшигч сонгуульд 474.4 сая төгрөгийн зардал гаргана гэж үзвэл нэр дэвшигчид 379.5 тэрбум төгрөг зарцуулна гэж тооцсон байна. Харин сонгуульд оролцох хүсэлтээ өгөөд буй 19 нам, эвсэл тус бүр хамгийн багадаа таван тэрбум төгрөг зарцуулна гэж үзвэл 95 тэрбум төгрөгийн зардал гарахаар байна. Ингээд нам, эвсэл, нэр, дэвшигчдийн зүгээс сонгуульд ойролцоогоор 474 тэрбум төгрөг зарцуулах урьдчилсан тооцоо гарчээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дэлхийг хамарсан цар тахлын улмаас иргэдийн халаас нимгэрч, үйл ажиллагаа нь зогссон аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн байдал улам хүндэрсээр буй энэ үед дээр дурдсан хэмжээний мөнгийг зарцуулан сонгууль явуулах нь зохистой алхам эсэхийг бүх шатандаа бодож үзэх нь чухал байгааг тэмдэглэлээ. Уулзалтын төгсгөлд, УИХ-ын ээлжит сонгуулийг эрсдэл багатайгаар зохион явуулах, сонгуулийн үеэр халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх шийдлийг тодорхойлох, нөхцөл байдлыг бодитоор үнэлж, дүгнэлт хийх асуудлаар эрх бүхий холбогдох байгууллагуудын оролцоотой олон талт уулзалт хийхээр боллоо.
Үйлчилгээний ажилчдын цалин хөлс, мэргэшлийн зэргийн нэмэгдлийг шинэчлэн тогтоов
Засгийн газрын энэ сарын 29-ний хуралдаанаар, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид, эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлсний нэмэгдэл, мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох тухай журмуудад нэмэлт өөрчлөлт орууллаа.
Ингэснээр төрийн албаны тухай хууль, түүнийг дагалдан гарсан журмуудыг хэрэгжүүлэх явцад орхигдоод байсан эрүүл мэнд, төрийн үйлчилгээний салбарын зарим мэргэшлийн ажилчид, тэтгэвэрт гарч буй өндөр настнуудын ажилласан жил, мэргэшлийн зэргийн, хөдөлмөрийн хүнд нөхцөлийн зэрэг нэмэгдлүүд энэ жилээс олгогддог болох боломж бүрдлээ.
Тодруулбал, төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдад төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгохдоо 1990-1995 онд ажилласнаар тооцож өгсөн баталгаажилтын хуудас, цэргийн алба хаасан хугацаа зэргийг ажилласан жил дээр нь сар жилээр нь нарийн тооцож нэмэн, нэмэгдлийг бодож олгодог болж байна. Мөн эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчдаас сүрьеэ өвчтөнтэй байнга харьцаж ажилладаг, тусламж үйлчилгээ үзүүлдэг, сүрьеэгийн амбулаторийн ажилчид болон эм зүйч, ариутгагчдад хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл олгохоор болж байгаа юм.
Зарим элчин сайдыг томилох асуудлаар саналаа нэгтгэв
Засгийн газрын энэ сарын 29-ний хуралдаанаар, зарим элчин сайдыг эгүүлэн татах, томилох саналаа нэгтгэлээ. Тодруулбал, Дипломат албаны тухай хуулийн дагуу томилсон хугацаа нь дууссан тул Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамбын Ганхуягийг эгүүлэн татаж, Түвшингийн Бадралыг томилох, мөн Намсрайн Эрдэнэтуяаг Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилох саналыг Гадаад харилцааны яамнаас танилцуулсан. Засгийн газрын гишүүд дээрх асуудлыг хэлэлцэн дэмжиж, энэ тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтов.
Н.Эрдэнэтуяа нь1970 онд Улаанбаатар хотод төрсөн. БНАСАУ-ын Ким Ир Сений их сургууль, ХУИС-ыг төгссөн. Солонгос орон, хэл судлаач мэргэжилтэй, орон судлалын магистр зэрэгтэй, Шадар дипломат цолтой, англи, орос хэлний мэдлэгтэй. 1993-1996 онд ҮХЯ-нд мэргэжилтэн, 1996-1998 онд ГХЯ-нд мэргэжилтнээр ажиллаж байв. 1998-2004 онд Сөүл дэх Элчин сайдын яаманд атташе, ГХЯ-ны Азийн газарт 2004-2007 онд гурав, хоёрдугаар нарийн бичгийн дарга, 2010-2012 онд нэгдүгээр нарийн бичгийн дарга, Сөүл дэх Элчин сайдын яаманд 2007-2010, 2012-2015 онд тус тус хоёр, нэгдүгээр нарийн бичгийн даргаар болон зөвлөхөөр ажиллаж байжээ. 2018 оны 8 дугаар сараас эхлэн БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд Элчин зөвлөх, Хэргийг хамаарагчаар өдгөө хүртэл ажиллаж байгаа аж. Төрийн албанд 26 жил ажилласнаас 23 жилийг дипломат албанд өнгөрүүлсэн туршлагатай албан хаагч юм.
Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад нэр дэвшүүлээд буй Т.Бадрал нь 1966 онд Улаанбаатар хотод төрсөн. Москва хотын Хилийн цэргийн командын дээд сургууль, МУИС, СЭЗДС-д суралцаж төгссөн. Шинэ Зеландын Массигийн их сургуульд мэргэжил дээшлүүлсэн. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй, хошууч генерал цолтой, орос, англи, франц хэлний мэдлэгтэй. Эрдэнэт үйлдвэр, Монгол-Америкийн хамтарсан зэсийн үйлдвэрт гадаад худалдааны менежер, 2004-2005 онд Гамшгаас хамгаалах ерөнхий газар мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 2005-2006 онд ОБЕГ-т газрын даргааар ажиллаж байв. 2007-2008 онд ОБЕГ-ын хэлтсийн дарга, 2009-2015 онд дэд дарга, 2015 оноос ОБЕГ-ын даргаар томилогдон ажиллаж байна. Төрийн албанд нийт 32 жил ажиллажээ.
СЕХ-ны орон тооны бус гишүүнээр С.Баатаржав, Б.Баасандорж нарыг томиллоо
УИХ-ын чуулганы энэ сарын 30-ны хуралдаанаар, С.Баатаржав, Б.Баасандорж нарыг Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүнээр томиллоо.
Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийн тавыг Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Монгол Улсын Ерөнхийлөгч, хоёрыг Улсын дээд шүүх төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор УИХ-аас зургаан жилийн хугацаатай томилохоор заасан. Энэ үндсэн дээр Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүн Р.Содхүү, Ө.Энхтөр нарыг хүсэлтийн нь дагуу чөлөөлж, С.Баатаржав, Б.Баасандорж нарыг Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүнээр томилуулахаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос санал болгож буйг тус Байнгын хорооны дарга С.Бямбацогт хуралдаанд танилцуулав.
С.Баатаржав нь Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байгаа бол Б.Баасандорж Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байгаа, төрийн ажлын дадлага туршлагатай, мэргэшсэн төрийн жинхэнэ албан хаагчид юм.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь С.Баатаржав, Б.Баасандорж нарыг Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүнээр томилж, Р.Содхүү, Ө.Энхтөр нарыг Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүнээс чөлөөлөхийг дэмжлээ.
Б.Баттөмөр: Ноолуурын кг тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгоно
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нарын гишүүд “Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” тогтоолын төслийг өнгөрсөн сарын 30-нд танилцууллаа.
УИХ-ын чуулганы өнгөрсөн сарын 29-ний нэгдсэн хуралдаанаар уг тогтоолыг баталсан юм. Тогтоолд, эрүүл, найдвартай, ил тод, нээлттэй, олон нийтийн хяналттай, харилцагчид хүртээмжтэй, цахимжсан банкны тогтолцоо бий болгох, банкны зохистой удирдлагын тогтолцоог бүрдүүлж, хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах, банкийг нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэхээр тусгажээ. Мөн банкийг хянах, шалгах, бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний эрх зүйн орчинг сайжруулах, төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх, алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй санхүүжилт олгох, түүнд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг гадаад, дотоод зах зээлийн хэлцлээр бүрдүүлэхээр тусгасан байна. Энэ чиглэлээр ажиллах, хэлцэл хийх, шийдвэр гаргах бүрэн эрхийг хэрэгжүүлэх байгууллагад олгох хууль, эрх зүйн зохицуулалтыг бий болгох хүрээнд холбогдох хуульд тусгажээ.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, "Төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдад зориулсан ипотекийн зээлийн шинэ бүтээгдэхүүн гаргах хүрээнд түрээслээд өмчлөх хэлбэртэй орон сууцны тусгай хөтөлбөр гаргаж хэрэгжүүлэхээр тогтоолд тусгасан. Орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ноолуурын түүхий эдийн экспорт бүрдүүлэх, ноолуурын экспортыг дэмжих зорилгоор хилээр татваргүй гаргахаар тусгасан. Хөнгөлөлттэй зээл олгох, малчдын орлого болон үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор ноолуурын килограммын суурь үнэ дээр нэг килограмм тутамд 20 мянган төгрөгийн урамшууллыг малчин бүрт олгох зэрэг заалтууд уг тогтоолд орсон" гэв.
Мөн ноолуурын экспортын талаарх сэтгүүлчдийн асуултад УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, “Тогтоолд ноолууртай холбоотой дөрвөн заалт орсон. Засгийн газраас гаргасан 101 тоот тогтоолын жишгээр Монголд жилд 10 мянган тонн ноолуур гаргадаг. Үүний 3000 тонныг дотоодын үйлдвэрлэгчид авч бүтээгдэхүүн хийдэг бол үлдсэн 7000 тонныг гадаад руу гаргадаг. Гэхдээ энэ жил онцгой нөхцөл байдал үүссэн учир гадаад руу гаргадаг ноолуурыг худалдан авагчид, хөрөнгө оруулагчид байхгүй болж байна. 7000 тонн ноолуур үнэгүйдэх нөхцөл байдал үүсээд байна. Тиймээс Засгийн газраас яаралтай арга хэмжээ авахаас өөр аргагүй болсон. Иймд тогтоолд тусгаснаар, тушаасан ноолуурын кг тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгож 200 мянган малчин өрхийн 800 мянган иргэний орлогыг нэмэгдүүлнэ. Хөрөнгийн эх үүсвэрийн тухайд улсын төсвөөс 200 тэрбум төгрөг шийдэгдэнэ. Яам холбогдох журмаа боловсруулж, зохион байгуулалтаа хийнэ. Өнөөдрийн байдлаар, зүүн дөрвөн аймгаас ноолуур авч эхэлсэн. Нийт 14 аж ахуйн нэгж гэрээ байгуулж, ноолуур худалдан авч байна” гэлээ.
Засгийн газарт төсөв, санхүүгийн онцгой эрх олгоно
УИХ-ын чуулганы лхагва гарагийн нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг баталсан. Уг хуулийн талаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нар энэ сарын 1-нд мэдээлэл хийлээ.
Хуулийн зорилт нь цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүний эрхийг тодорхой хэмжээнд хязгаарлах, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, зохион байгуулалтын асуудлыг Засгийн газар онцгой журмаар шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршиж байгаа юм.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр мэдээллийн эхэнд хэлэхдээ, “Хуулийн төслийг хэлэлцэх явцад олон нийтийн дунд сошиал орчинг хаах, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг зөрчих зохицуулалт байгаа мэтээр буруу ташаа ойлголт явсан. Хуулийн 14.2-т “Цар тахлын талаарх цаг үеийн болон түүнээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахтай холбоотой үнэн, бодит мэдээллийг баталгаатай эх сурвалжаас авч олон нийтэд хүргэнэ” гэсэн зохицуулалт орсноос биш хааж боосон заалт байхгүй. Харин цар тахалтай холбоотой худал мэдээлэл олон нийтэд түгээсэн бол Зөрчлийн тухай хуулиараа хариуцлага тооцно. Улс оронд үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан иргэдийн зорчих эрхийг хязгаарлах шаардлага үүсэж байгаа учраас олон улсын хүний эрхийн байгууллагуудын зөвлөмжийн дагуу холбогдох зохицуулалтыг хуульд тусгасан” гэв.
Мөн уг хуульд төрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхой зохицуулж, төсөв, санхүүгийн онцгой эрхийг Засгийн газарт олгохоор заажээ. Тодруулбал, шаардлагатай нөхцөлд батлагдсан төсвийг нэмэгдүүлэхгүйгээр дотооддоо төсвийн зохицуулалтыг хийх эрх мэдлийг Засгийн газарт олгосон бөгөөд УИХ-аас Түр хороо байгуулж, хяналт тавих юм.
Хуулийн төслийг хэлэлцэх явцад гишүүдээс гаргасан саналын дагуу нийгэм, эдийн засгийн холбогдох зохицуулалтуудыг нэмж, хууль хоорондын болон хүний эрхийн зөрчил гаргахгүйн тулд энэхүү нэг удаагийн хуулийг баталсан гэдгийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хэллээ. Энэхүү хууль зөвхөн нэг удаа буюу "COVID-19" халдварын үед хэрэгжиж, ДЭМБ-аас уг халдвар зогссоныг албан ёсоор зарлах үед хүчингүй болох юм.
Хуулийн хүрээнд эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгааг хангах зохицуулалтыг нарийвчлан тусгасан байна. Тухайлбал, Эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж алба хаагчдыг түрээслээд өмчлөх боломжтой орон сууцанд хамруулах ипотекийн зээлийн тусгай хөтөлбөр гаргахаар тусгасан байна.
Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагаанд дараах зарчмуудыг баримтлах юм байна.
• Хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, эмнэлгийн үйлчилгээ тэгш байх,
• Шуурхай, ил тод, хариуцлагатай байх,
• Олон улсын эрүүл мэндийн дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх,
• Нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хүний зарим эрх, эрх чөлөөг хязгаарлах,
• Ялгаварлан гадуурхахгүй, гутаан доромжлохгүй байх,
• Байгууллага хоорондын хамтын ажиллагааг хангах, харилцан мэдээлэл солилцох, иргэд, олон нийтийн оролцоо, дэмжлэгийг авч ажиллах зэрэг багтжээ.
Улаанбаатар хотын агаарын бохирдол ноднингийнхоос 41 хувиар буурчээ
УИХ-ын чуулганы энэ сарын 1-ний хуралдаанаар Агаарын бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын мэдээллийг сонсов.
Монгол Улсын Засгийн газар 2017 оны 98 дугаар тогтоолоор 5 зорилт бүхий “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг баталсан. Энэ хүрээнд өнгөрсөн оны тавдугаар сарын 15-наас эхлэн Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглох шийдвэр гаргасан нь бодит үр дүнд хүрсэн чухал алхам болсныг Н.Цэрэнбат сайд мэдээллийн эхэнд онцлон тэмдэглэв.
2019 оны 10 дугаар сараас 2020 оны 3 дугаар сар хүртэлх Улаанбаатар хотын агаарын чанарын үзүүлэлт буюу агаар дахь PM2.5 тоосонцрын дундаж агууламж нь 2016-2017 оныхоос 52 хувиар, 2017-2018 оныхоос 48 хувиар, 2018-2019 оныхоос 41 хувиар бага байгаа нь дээрх ажлын үр дүнг илтгэж байна гэлээ. Түүхий нүүрс хэрэглэхийг хориглосонтой холбогдуулан Засгийн газрын 2018 оны 157 дугаар тогтоолоор гэр хорооллын айл өрх, орон байрны халаалтыг эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагч төхөөрөмжөөр шийдэх, хэрэглээг нь дэмжих зорилгоор 4 төрлийн агаар цэвэршүүлэгч, 10 төрлийн эрчим хүчний хэмнэлттэй халаагч төхөөрөмжийг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн. Сайжруулсан шахмал түлшний борлуулалтыг сайжруулж, иргэдэд хүртээмжтэй, үнийн хөөрөгдөлгүй, түргэн шуурхай хүргэхийн тулд нийслэлийн хэмжээнд 400 гаруй түлш борлуулагчтай хамтран ажиллаж байна. Сайжруулсан түлшийг борлуулсан 1 тонн тутамд 15 мянган төгрөгийн урамшуулал олгохын зэрэгцээ 1 тонны үнийг 150 мянган төгрөг байхаар тогтоожээ. Гэвч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нэмэгдсэн өртгийн албан татвар тооцсон үнээр борлуулахад 1 тонн нь 165 мянган төгрөг буюу тонн тутамд 15 мянган төгрөг нэмэгдэхээр байгаа нь гэр хорооллын айл өрхийн амьжиргааны түвшинд сөргөөр нөлөөлж байна. Иймд сайжруулсан шахмал түлшийг НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийг баталсан болохыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд мэдээллийнхээ үеэр тэмдэглэсэн.
Засгийн газраас жилд 800 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрийг 2018 оны 11 дүгээр сараас үе шаттай ашиглалтад оруулан үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Одоогийн байдлаар тус компани нь өдөрт 3000 орчим тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа ба хүчин чадлыг нэмэх зорилгоор Улаанбаатар хотын зүүн бүсэд шинэ үйлдвэр барих ажлыг өнгөрсөн сарын 9-нд эхлүүлжээ. Тус үйлдвэр ашиглалтад орсноор нийслэлийн бүх дүүрэг, хорооны айлуудыг шахмал түлшээр хангах юм.
Энэ онд агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнд 53 тэрбум төгрөг зарцуулах замаар сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадлыг 600 мянган тонноор нэмэгдүүлэх, цахилгаан эрчим хүчний хэрэглээг дэмжих, нийтийн тээврийн агаарт ялгарах бохирдлыг багасгах, аймгуудын агаарын бохирдлыг бууруулахад дэмжлэг үзүүлэх, дулааны эх үүсвэрт нь утаа шүүх шүүлтүүр тавих, түүнчлэн агаар, орчны бохирдлыг бууруулах инноваци, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, мониторингийн сүлжээг сайжруулах, мэдээлэл сурталчилгааг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгааг танилцууллаа. Агаарын бохирдлыг бууруулах цаашдын зорилт нь “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-т тусгасан цогц арга хэмжээг бүрэн авч хэрэгжүүлсний үр дүнд ирэх 2021 онд агаарын бохирдлыг 80 хувиар бууруулахад чиглэж байгаа юм байна.
СЕХ-ноос сонгуульд оролцох нам, эвслүүдэд батламж гардууллаа
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн 15 нам, 4 эвсэлд Сонгуулийн ерөнхий хорооноос батламж гардуулж дууслаа.
Хуваарийн дагуу өнгөрсөн сарын 30-нд Эх Орончдын Нэгдсэн нам, Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч нам, Их Эв нам, Зон Олны нам, Дэлхийн Монголчууд нам, Ардчилсан нам, Ард Түмнээ Хайрлая нам, Ард Түмний нам, Хөгжлийн Хөтөлбөр нам болон Монгол Ардын Хувьсгалт нам, Иргэний Зориг Ногоон нам, Монголын Уламжлалын Нэгдсэн намын “Та бидний эвсэл”, Монгол Консерватив нам, Монголын Хүний Төлөө намын “Сахигтун! Үндсэн хуулийн 19” эвсэлд батламж гардуулсан.
Тэгвэл энэ сарын 1-нд "Зөв хүн электорат эвсэл", Монголын ногоон нам, Ардчилал шинэчлэлийн нам, Эх орон нам, Монгол ардын нам, "ШИНЭ" эвсэл, Ард түмний олонхын засаглал нам, Гэр хороолол хөгжлийн нам батламжаа СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнгээс гардан авлаа.
УИХ-аас ноднин 12 дугаар сарын 23-нд баталсан Сонгуулийн тухай хуульд заасны дагуу дээрх нам, эвслүүд нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана. Ингэхдээ, тухайн нэр дэвшигчид хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна, банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүх болон арбитрын шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөргүй байх, татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, аль нэг компанийн 51, түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх зэрэг шаардлага тавих юм.
Нам, эвсэл сонгуульд дээд тал нь 76 хүнийг, тухайн тойрогт нь ногдсон мандатаас илүүгүйгээр тус тус нэр дэвшүүлэх бөгөөд 20-иос доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байх ёстой. Харин нэр дэвшигчдээ тодруулахдаа тухайн намын Их хурал, эсхүл төлөөллийн төв байгууллагын хуралдаанаар хэлэлцэж, нууцаар санал хурааж, олонхын саналаар шийдвэрлэнэ гэж хуульд заажээ.