Т.Гантулга:Иргэд өөрсдөө санаачлаад ЭКО орчинг үлгэр жишээчээр тохижуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сүхбаатар сум бол Сэлэнгэ аймгийн төв. Нөгөө талаас Монгол Улсын хойд хилээр дамжин
өнгөрч буй гадаад, дотоодын иргэдтэй хамгийн түрүүнд нүүр тулан золгож байдаг
маш онцлогтой сум. Ингээд Сүхбаатар сумын Засаг дарга Т.Гантулгатай уулзаж
ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэндийг хүргэе.
Хэдийгээр улс оронд үүссэн нөхцөл байдлын улмаас өндөржүүлсэн бэлэн байдалд
шилжин, хөл хориотой нөхцөлд ажил алба явж байгаа ч төрийн ажил үргэлжилж,
иргэдийнхээ төлөө, сумынхаа хөгжил дэвшлийн төлөө та бүхэн хийх ёстой үүрэгт
ажлаа гүйцэтгэж байгаа гэж бодож байна. Он гарсаар төрийн ажил үйлчилгээ хэрхэн
өрнөж буй талаар яриагаа эхлэх үү?
-Баярлалаа. Он гарсаар 01
дүгээр сарын 9-15-ны хооронд Хүн ам, орон сууцны 2020 оны Улсын ээлжит тооллогыг Сэлэнгэ аймгийн
Сүхбаатар суманд зохион байгуулсан. Энэ ажил маань 10 жил тутамд зохион байгуулагддагаараа онцлогтой байгаа.
Энэ удаагийн ээлжит тооллого манай суманд түүврийн аргаар сонгогдсон өрхүүдийг хамруулж хийсэн. Энэ
ажилд сумын хэмжээнд 12 тоологч, 2 шалгагч ажилласан. Нийт 622 өрх тоологдож,
өрхийн хамралтын хувь 102.0 хувь, тоолсон хүний тоо 2308, хүний хамралтын хувь
92.5 хувьтай явагдсан байгаа. Энэхүү 10 жилд нэг удаа зохион байгуулдаг чухал ажилд сайн оролцож, ажлын үр
дүнгээрээ 17 сумын 56 багаас бусдыгаа манлайлсан “Хонгорморьт”
1-р багийн Засаг дарга Б.Амгалан, “Орхон” 6-р багийн Засаг дарга Б.Оюунаа нарт аймгийн
Статистикийн хэлтсээс “Талархал”, дурсгалын
зүйлийг гардуулан өгсөн.
-Саяхан Сүхбаатар сумын Засаг дарга захирамж
гаргаж, хогны асуудалтайгаа нэлээд дорвитой тэмцэх шиг боллоо. Энэ ажлын
талаар?
-Бид Сүхбаатар суманд хогны
асуудлыг цэгцлэхийн тулд хууль хүчний байгууллагатай хамтарч ажиллахаар шийдсэн
байгаа. Сумын Засаг даргын А/64 тоот "Нийтийг хамарсан ажил зохион байгуулах тухай" захирамжийн дагуу 2020 оны 03 дугаар сарын 30-наас 04 дүгээр сарын 02-ны өдрүүдэд хог цэвэрлэгээний ажлыг сумын 8-н багийн хэмжээнд зохион байгуулсан. Энэхүү
ажлыг аймгийн ХХҮГазартай хамтарч, нийтийг хамарсан ажлын хүрээнд 5 сая 85 мянган төгрөгийн санхүүжилт бүхий 90 иргэнийг түр ажлын байраар ханган, баг тус бүр дээр үүссэн хур хог,
хаягдлын цэвэрлэгээг хийж гүйцэтгэсэн. Уг цэвэрлэгээнд түр ажлын байраар хангагдсан 90, сайн дурын 71 нийт 161
иргэн 446 га газар, 2.9 км үерийн далан шуудуу, 194 тн хог хаягдлыг 93
удаагийн рейсээр төв хогийн цэг рүү ачиж тээвэрлэх ажлыг маш амжилттай хийж гүйцэтгэсэн. Цаашид ч хогны асуудлаар дорвитой
алхам хийхээр төлөвлөөд байгаа.
-Мөн давхар байрны иргэд гадна орчноо тохижуулах,
бусдыгаа уриалан дуудах зэрэг бодит ажлууд хийгдсэн харагдсан. Иймэрхүү нийтийг
уриалан дуудсан, сумаа өнгөтэй, үзэмжтэй болгох гэсэн иргэдийн санаачилгыг хэр
дэмжиж ажиллаж байна?
-Манай ЗДТГ-ын зүгээс Сүхбаатар сумын “Ганзам” 7-р багийн 3-н 60 айлын дунд байрлах
олон жил болсон төмөр вагочикийг нүүлгэх ажлыг зохион байгууллаа. Уг ажил
хийгдсэнээр чөлөөлөгдсөн талбайд тохижилтын ажил хийгдэхээр төлөвлөгдөөд байна.
Мөн 3-р 60 айлын оршин суугчид айл хөршөөрөө нийлж орчин тойрноо тохижуулж, тав тухтай, эрүүл аюулгүй ЭКО орчинг
өөрсдөө бүрдүүлж болохыг тод харуулж, бусаддаа үлгэр дуурайлал үзүүлэн иргэдийг
энэхүү бүтээн байгуулалтын ажлыг өөрсдөөсөө эхлүүлэхийг нийт Сүхбаатар сумын
ард иргэдэд уриалаад байгаа. Тэд “Хөгжилд
тэмүүлсэн хөршийн холбоо” байгуулан энэхүү бүтээлч ажлаа хийж, маш сайхан
орчноо тохижуулсан.
-Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах
өдрийг Сүхбаатар суманд анх удаа цахим орчинд тэмдэглэн өнгөрүүллээ. Энэхүү
ажлын онцлог юу байв?
-Энэ жил бид Олон улсын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг Коронавирусийн халдвараас
урьдчилан сэргийлэхтэй холбоотойгоор Сүхбаатар хотод цахим орчинд зохион байгуулсан. "Хариуцлагатай хэрэглэгч" сэдвийн дор 2020 оны
03 дугаар сарын 01-15-ны хооронд хийлээ. Энэ хугацаанд суманд үйл ажиллагаа явуулж байгаа томоохон
худалдаа, үйлчилгээний төвүүдийн удирдлагуудтай уулзал зохион байгуулсан. Энэ
уулзалтаараа хэрэглэгчдийн эрхийг хамгаалах, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй
байх талаар анхаарч ажиллахыг онцлон
хэлэлцсэн байгаа.
-Сүхбаатар сум маань төв талбайдаа
лед дэлгэцтэй болсон нь иргэдэд ихээхэн таалагдаж байна. Үүгээрээ дамжуулан
сургалт, сурталчилгаа хийх, сэрэмжлүүлэг, мэдээлэл өгөх гээд ихээхэн үр дүнтэй
ажил болжээ?
-Тийм шүү. Сүхбаатар
сумын Засаг даргын Тамгын газар Партизаны талбайн урд хэсэгт Лед дэлгэц
байршуулсан. Энэ бол сум орон нутгийн
хэмжээнд хийгдэж буй ажлын мэдээ,
мэдээлэл, сургалт, сурталчилгаа, Коронавирустай холбоотой зөвлөмж,
сэрэмжлүүлгийг нийт ард иргэдээ түргэн шуурхай, хүртээмжтэй, үнэн зөв хүргэхэд
маш их үүрэг гүйцэтгэж байгаа. Талбай дээр явж байгаа иргэд энэ дэлгэцээс
хараад мэдээлэл олж авч байна.
-Сүхбаатар
суманд бүтээн байгуулалтын ажил хэрхэн явагдаж байна. Энэ талаар?
-2020 оны бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байгаа. Тухайлбал Сүхбаатар сумын 1-р цэцэрлэгт 2018 онд гадна
пасадны ажил хийгдсэн бол энэ онд дээврийн засварын ажлыг улсын төсвийн хөрөнгө
оруулалтаар тендерт шалгарсан "Уран төмөр хэлхээ" ХХК гүйцэтгэж
байна. Энэхүү ажлын гүйцэтгэл, үйл явцтай биечлэн танилцсан. Засварын ажил 80 хувьтай явагдаж байна. Мөн
төрийн албан хаагчдын 120 айлын орон сууц баригдаж байна. Мөн Сүхбаатар сумын “Ганзам” 7-р багийн 3-р 60 айлын
дээврийн засварын ажлыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа. Үүнийг тендерт шалгарсан "Ар дэн" ХХК
гүйцэтгэж байна. Энэ ажлын гүйцэтгэл, үйл явцтай сумын удирдлагууд
болон тухайн тойргоос сонгогдсон төлөөлөгч нар биечлэн танилцсан. Засварын ажил 70 хувьтай үргэлжилж байна. Энэ мэтчилэн
бүтээн байгуулалтын ажлууд төлөвлөгөний дагуу хийгдэж байгаа.
-Тэгэхээр
хилийн бүс нутаг гэдгээрээ Сэлэнгэ аймаг онцлогтой. Энэ ч утгаараа аймгийн
Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил Сэлэнгэчүүд бид зөвхөн
Сэлэнгэ аймгаа хамгаалж буй хэрэг биш. Монгол Улсаа хамгаалж байгаа
хариуцлагатай хүмүүс шүү гэдгийг удаа дараа хэлээд байгаа. Сумын Онцгой комисын
даргын хувь энэ талаар . . .?
-Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ЗДТГ-аас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор
нэлээд олон ажлуудыг явуулж
байна. Засаг даргын зүгээс 2020 оны 04
дүгээр сарын 22-ны өдрийн А/89 тоот захирамжийг гаргасан байгаа. Үүнийг үндэслэн нийт 39.900 м2 зам талбайд гипохлоридкальци 0.02 процент, 60 хувийн идэвхитэй уусмалаар ариутгал халдваргүйтгэл хийж гүйцэтгэлээ. Мөн хот хооронд үйлчилгээ явуулж буй автобус, такси, вагон,
тийр, райлбусд ариутгал халдваргүйтгэл
хийж, жолооч зорчигчдод /COVID-19/
халдвараас урьдчилан сэргийлэх маск зүүж хэвших, гараа байнга ариутгах
талаарх зөвлөмж, сэрэмжүүлгийг тогтмол өгч байна. Түүнчлэн хүн олноор цуглардаг
газруудад уг халдвараас урьдчилан сэргийлэх баг гаргаж, иргэдэд маск зүүж
хэвших, хүүхдүүдийг гадуур явахгүй байхад анхаарч өдөр бүр хяналт тавин ажиллаж
байгаа. Мөн бүх байгууллага, банк, холбоо, үүрэн телефоны газруудад ариутгал
халдваргүйтгэл хийсэн бөгөөд иргэд, үйлчлүүлэгчдийн 2м зай барих тэмдэглэгээтэй
эсэхэд хяналт тавих гээд урьдчилан сэргийлэх ажлыг эрчимтэй явуулж байгаа.
-Ярилцсан танд баярлалаа.