Баталгаажсан үүлдэр омгийн цөм сүрэг бүрдүүлэх ажлыг зохион байгуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн ХХААГ-аас Ихтамир, Тариат, Чулуут, Өндөр-Улаан, Хотонт, Эрдэнэмандал сумын 11000 толгой малд үзлэг ангилалт хийж, цөм сүрэг бүрдүүлэн баталгаажуулах ажлыг мал үржүүлэг технологийн ажил үйлчилгээний нэгжүүдтэй хамтран зохион байгуулж байна.
Үржлийн малд үзлэг ангилалтыг зохион
байгуулах ажил энэ сарын 03-ны байдлаар Чулуут, Тариат, Өндөр-Улаан, Ихтамир
сумын 2300 толгой сарлаг, Ихтамир сумын 1500 толгой хонинд үзлэг ангилалтыг
хийж, анги чанарыг тогтоогоод байна.
Үзлэг ангилалтад хамрагдсан мал
сүргийг цөм, үржлийн, хэрэгцээний сүрэгт хуваан ангилж, цөм болон үржлийн
сүргийн шаардлага хангасан малд үржлийн бүртгэл хөтөлж, дахин давтагдахгүй
хувийн дугаар бүхий ээмэг, чипээр ялган тэмдэглэж, холбогдох мэдээллийг Малын
үндэсний бүртгэл мэдээллийн нэгдсэн сан болон Малын удам зүйн үнэлгээний
программд бүрэн шивж оруулах юм. Мөн цөм сүрэг бүхий өрхийг бүртгэн хамтран
ажиллах гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, үржлийн мал бойжуулан борлуулах эрхийг
баталгаажуулах ажээ.
Энэхүү ажлыг Хүнс, хөдөө аж ахуйн
хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны А-112 дугаар тушаал, аймгийн Засаг даргын
2020 оны А/208 тоот захирамжийг хэрэгжүүлэх батлагдсан удирдамж зааврын дагуу зохион
байгуулж байна.