Ц.Зоригтхүү: Экологийн цагдаа ажиллаж эхэлснээр байгаль орчны эсрэг гэмт хэргийн илрүүлэлт нэмэгдсэн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-06-09 15:40:11

Архангай /МОНЦАМЭ. Архангай аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Зоригтхүүтэй “Байгалиа хамгаалъя” аяны талаар ярилцлаа.


-“Байгалиа хамгаалъя” аян эхэлчихсэн явж байгаа. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

- Монгол Улсын хэмжээнд “Байгалиа хамгаалъя” аяныг ГХУСАЗЗ-өөс санаачлан сүүлийн хоёр жил зохион байгуулж байна. Энэхүү аяны зорилго нь Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуульд заасан хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлж, иргэдийг энэхүү төрлийн гэмт хэрэг, зөрчилд өртөх, үйлдэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэхэд оршиж байгаа юм. Аймгийн хэмжээнд 2019 оны байдлаар энэ төрлийн гэмт хэрэг 33 удаа үйлдэгдсэн бол 16 удаагийн зөрчлийн хэрэг үйлдэгдэж, үүний 93.9 хувь нь хууль бус мод бэлтгэх гэмт хэрэг эзэлж байгаа.  

- Аяны хамрах хүрээ. Мөн аянд хэнийг оролцуулж байгаа вэ?

- Аян улсын хэмжээнд нэг сарын хугацаатай өрнөж байгаа. Энэ хүрээнд аймгийн хэмжээнд хууль сахиулах байгууллагууд болон сумдын салбар зөвлөл, ойн нөхөрлөл, сум дундын ойн анги, БОАЖГ, Мэргэжлийн хяналтын газрыг зохион байгуулан, оролцуулж байна. Мөн иргэд, төрийн болон болон бус бүх байгууллага, аж ахуйн нэгжүүдийг хамруулж байгаа. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд бүх нийтийн оролцоо маш чухал байдаг. Тиймээс аймгийн ГХУСАЗСЗ 2020 оны хувьд иргэдийн оролцоог урьдчилан сэргийлэх арга хэмжээнд түлхүү оролцуулах бодлого барьж ажиллаж байна.

- Аян үргэлжлэх хугацаанд ямар ямар ажлуудыг зохион байгуулсан бэ?

- Аяны хугацаанд энэ оны хувьд хууль бус мод бэлтгэл, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлд түлхүү анхаарч, сумдын ГХУСАЗСЗ-үүдийг оролцуулан эргүүл шалгалтын ажлыг зохион байгуулж, иргэд рүү чиглэсэн сэрэмжлүүлэг зөвлөмжийг улсын онцгой байдлын зөвлөмжийн дагуу иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүйгээр хүргэх ажлыг зохион байгуулж байна. Мөн ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг Онцгой байдлын газраас зохион байгуулж, БОАЖГ, Мэргэжлийн хяналтын газрыг оролцуулан ойн түймрийн эрсдэл өндөр сумдад хяналт, шалгалт хийж, илэрсэн зөрчлүүдийг таслан зогсоож, гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг цагдаагийн байгууллагад шилжүүлэн ажиллалаа. Сумдын экологийн байцаагч нарыг хамруулан сургалт зохион байгуулах ажлыг аймаг дахь Цагдаагийн газрын Экологийн цагдаагийн тасаг зохион байгуулж, иргэдэд хүргэх сэрэмжлүүлэг, гарын авлагыг тараасан байгаа.

- Иргэдийн оролцоо чухал шүү дээ. Хэрхэн татан оролцуулж байгаа вэ?

- Иргэдийн оролцоог хангах чиглэлээр байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй нөхөрлөлүүдийг мэдээллээр хангаж, цаашид иргэдэд хүргэх ажлыг зохион байгуулж байгаа. Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийг иргэдээс төлбөртэйгээр авах ажлыг цагдаагийн байгууллагатай хамтран авч хэрэгжүүлсэн. Мөн цагдаагийн байгууллагад энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийг тогтмол авах утас ажиллуулж байна. Энэ маань цаашид үргэлжлээд явна.

- Мэдээж аяны гол үр дүн чухал. Ямар үр дүнг хэрхэн хүлээж байна вэ?

- Бидний хүлээж буй үр дүн бол мэдээж энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг бууруулах. Мөн энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн улмаас төрд учирсан хохирлыг бүрэн барагдуулах явдал. Сайн мэдээ гэвэл аяны хүрээнд аймгийн хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн улмаас төрд учруулсан хохирол бүрэн төлөгдсөн, хэргийн шийдвэрлэлтийг эрчимжүүлж, шуурхай ажиллалаа. Энэ нь цаашлаад иргэдэд сэрэмжлүүлэг, анхааруулга болж өгдөг. Иргэд энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил үйлдсэн этгээдийн хэргийн шийдвэрлэлтийг шууд утгаар хүлээн авдаг. Тиймээс хуульд заасан шийтгэлийг тухайн этгээдэд тохирсон байдлаар олгох нь эргээд иргэдэд маш том мэдлэг, мэдээлэл болж өгдөг талтай.

- Улс орны нөхцөл байдалтай уялдуулж, зохион байгуулалтын хувьд арай өөр байгаа байх тийм үү?

- Арга хэмжээ зохион байгуулахдаа улсын онцгой комиссын зөвлөмж, чиглэлийн дагуу бөөгнөрөл үүсгэхгүй байж, онлайн сургалт зохион байгуулах, олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашиглах тал дээр түлхүү анхаарч ажилласан. Сумдын нөхөрлөлүүдийг түшиглэн иргэдэд мэдээлэл дамжуулах байдлаар ажилласан.

- Энэ онд аймгийн ГХУСАЗСЗ-өөс байгаль хамгаалах чиглэлээр өөр ямар ажлууд хийх вэ?

- Байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр энэ оны хувьд хууль бус ашигт малтмалын олборлолтоос урьдчилан сэргийлэх чиглэлээр арга хэмжээ авч ажиллах талаар төлөвлөгөөнд тусгагдсан байгаа. Одоогоор үүсээд байгаа нөхцөл байдал, төсөв санхүүгийн байдлаас болоод хэрэгжүүлээгүй байна.

- Саяхан байгаль орчны гэмт хэрэг зөрлийг арилгах, урьдчилан сэргийлэх зорилготой экологийн цагдаагийн албыг ажиллуулж эхэллээ. Хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?  

- Энд нэг зүйлийг дурдах нь зүйтэй байх. Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил өмнөх онуудаас өссөн дүнтэй байгаа нь Экологийн цагдаагийн алба байгуулагдсантай холбоотой. Сум бүр экологийн байцаагчтай болсноор энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн илрүүлэлт сайжирсан. Мөн энэ оны хувьд ойн санд зөвшөөрөлгүй нэвтрэх, хууль бусаар мод бэлтгэх явдал эрс буурсан. Экологийн цагдаагийн албатай энэ аяны хүрээнд болон бусад бүхий л үйл ажиллагаанд хамтран дэмжин ажиллаж байна. Тус алба маань аймгийн Прокурорын газартай хамтран аяны хүрээнд гэмт хэрэг, зөрчлийг шуурхай шалган шийдвэрлэх, илрүүлэх, иргэдийн мэдээллийн дагуу гэмт үйлдлийг таслан зогсоох зэргээр бүхий л талаар хамтран ажиллана.

- Ярилцсанд баярлалаа.

 

相关新闻