АРХАНГАЙ: Хонь ноослох тэмцээнд Архангайн малчид цомын эзэн болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-07-31 14:58:31

Эрдэнэбулган, 2025 оны долоодугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулсан “Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд Архангай аймгийн тамирчид 2 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж, цомын аварга тамирчид болсон юм.

“Цагаан алт” үндэсний хөдөлгөөн хүрээнд болсон уг тэмцээний цахилгаан хайчны мэргэжлийн төрөлд Архангай аймгийн Хотонт сумын малчин Э.Баасандорж тэргүүлж, Төвшрүүлэх сумын малчин Л.Сэржбүдээ, Батцэнгэл сумын малчин Г.Мягмар-Очир нар удаах байруудад орсон байна.

Цахилгаан хайчны сонирхогчдын төрөлд Архангай аймгийн Цэнхэр сумын малчин Ч.Азбаяр түрүүлсэн бол мөн тус сумын малчин Г.Болд-Эрдэнэ хоёрдугаар байрт орсон амжилтыг үзүүлжээ.  

Төв аймгийн Зуунмод хотод 2025 оны 6-р сарын 20-21-ний өдрүүдэд болсон “Алтан хайч-2025” тэмцээнийг уламжлалт гар хайч болон цахилгаан хайчаар ахлан суралцагч, мэргэжлийн гэсэн гурван төрлөөр зохион байгуулсан бөгөөд  21 аймгийн 100 гаруй малчин, тамирчид хурд хүч, ур чадвараа сорин өрсөлдсөн.

Малын гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх ажлын  хүрээнд зохион байгуулсан уг тэмцээн хонины ноосны үнэ цэнийг өсгөх, хаягдалгүй ашиглах, ноосон бүтээгдэхүүний эцсийн үйлдвэрлэлийг дэмжих зорилготой төдийгүй малчдын хөдөлмөрийг хөнгөвчилж, цаг хугацааг хэмнэсэн техник, технологийг нэвтрүүлэх, сурталчлах, таниулах, түүнийг эзэмшсэн залуусыг урамшуулснаараа онцлогтой байлаа.


相关新闻