Шивээт улааны цогцолбор дурсгал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-06-17 12:51:35

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Баян-Агт сумын нутаг Шивээт улаан хэмээх бяцхан толгой дээр түүхийн нэгэн ховор дурсгалын цогцолбор байдаг. Хануй, Хүнүй голын бэлчир харалдаа хойд зүгт нь байдаг түүхийн дурсгалыг анх 1912 онд Финландын эрдэмтэн Густав Иохан Фон Рамстедт олж илрүүлэн дэлхийн эрдэмтдийн сонорт хүргэжээ. Г.И.Рамстедт дурсгалын ерөнхий дэвсгэр зураг, сэргээсэн байдлын болон хүн, амьтны чулуун хөшөөд, тамгатай гэрэлт хөшөөний талаар гэрэл зураг аван, зарим гар зургийг үйлджээ.

          Шивээт улааны дурсгалыг Түрэгийн хожуу үеийн \690-744 он\ Елетрес Хутлуга хааны дурсгал гэж үздэг байна. Энэхүү цогцолбор дурсгалд галт уулын  хар саарал өнгийн чулуугаар урласан хүн чулуу 9, арслан 4, хонь 4 хөшөө байдаг бөгөөд хүн чулууны хөшөөний толгой хугарч алга болжээ. Хүн чулуун хөшөөг гурвалжин захтай хувцас өмсгөн дүрсэлсэн, зарим хөшөөний хоёр гарыг хавсруулж, эсвэл ихэвчлэн зүүн гараар аяга, сав барьж цээжинд байрлуулсан байдалтайгаар дүрсэлсэн байдаг. Бүс, хавтага, хутга, таяг зэрэг эд зүйлсийг чадмаг дүрсэлсэн бөгөөд зарим хөшөөний бүсийг нурууны хэсэгт хавчуулан урласан аж. Тус дурсгалын чулуун арслангийн гуян дээрх янгирын дүрс эртний Түрэгийн Ашина омогтны тамга гэж үздэг байна.

Шивээт улааны дурсгалыг 1927 онд буриад эрдэмтэн Балжи Бамбаев газар дээр нь үзэж тэмдэглэсэн байна. Түүнээс хойш 1976 онд Түүх, археологийн хүрээлэнгийн археологч эрдэмтэн Д.Цэвээндорж Шивээт улааны байгууламжийн дэвсгэр зургийг үйлдсэн байна. Мөн онд Монгол, Зөвлөлтийн түүх соёлын хамтарсан экспедицийн В.В.Волков, С.Н.Кореневский нар ч байгууламжийн дэвсгэр зургийн талаар судалгаа хийжээ. 1977 онд С.Г.Кляшторный, С.Харжаубай, 1996 онд В.Е.Войтов, 1997 онд Д.Баяр, В.Д.Кубарев, 2005 онд Б.Напил, 2007 ба 2015 онд З.Самашев, Л.Цэвээндорж, Д.Баяр, А.Энхтөр. А.Онгар, Г.Киясбек, А. Мирхат, Б.Напил, 2015 онд Д.Кыдырали, Г.Бабаяров нарын судлаачид тусгайлсан судалгаануудаа хийсэн байна.

Шивээт улааны хүн чулуун хөшөөдийн ерөнхий төрх байдал Баяннуур сумын Улаан хэрмийн Шороон бумбагарын бунхант булшны ханын зураг дээрх хүмүүс болон шавар хүний намба, төрх байдалтай тун төстэй байдаг нь сонирхолтой юм гэж түүхч Э.Жигмэддорж тэмдэглэжээ.

Энэ жил Баян-Агт суманд “Хандлагаа өөрчилье” аян зохион байгуулан "Баян-Агт өв соёл" төсөл хэрэгжүүлж, төрөлх нутгийнхаа түүх, соёлын дурсгалыг судлах, сэргээх, иргэдэд сурталчлах ажил зохион байгуулж байгаа талаар тус сумын ИТХ-ын дарга С.Ганбат ярилаа.

Аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх мастер төлөвлөгөөнд амралт, рашаан сувиллыг хөгжүүлэх дэд бүсээр тодорхойлсон Хануй рашаанаас уг цогцолбор дурсгал арав гаруй км зайтай юм. Аялагч, амрагчид энэ түүхийн дурсгалыг сонирхох бол Хануй рашаанаас баруун урд зүгт Шарга нуурын хөвөөгөөр давхин очиж үзэх боломжтой.



相关新闻