Мишээл салбарт 287 төрлийн үйлчилгээ үзүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМНийслэлээс үзүүлж буй төрийн үйлчилгээг иргэдэд цаг алдалгүй хүргэх зорилгоор “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн 2 дахь салбар буюу Мишээл салбарыг байгуулж өнөөдөр нээлтээ хийлээ.
Нээлтэнд нийслэлийн удирдлагууд оролцож хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцуулан, орон сууцны 50 %-ийн хөнгөлөлт авсан төрийн албан хаагчдад батламжийг нь гардуулсан.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Иргэд худалдааны супермаркетаар үйлчлүүлэхдээ хүссэн бараагаа өөрөө сонгож авах боломжтой байдаг шиг бид өнөөдөр төрийн үйлчилгээг иргэд нэг дороос цаг алдахгүй, хүлээлт, хүндрэлгүй авах боломжийг бүрдүүлж байна” гэдгийг онцолсон.
Тус төв 4800 үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадалтай, 1336 м2 үйлчилгээний талбайтай, өөртөө үйлчлэх танхим, хурлын өрөө, арилжааны банкуудын салбар, нотариат, мэдээллийн, санал хүсэлтийн зэрэг үйлчилгээний танхимуудтай. Нийслэлийн нутгийн захиргааны 22 байгууллага 287 үйлчилгээг иргэдэд цаг алдалгүй, түргэн шуурхай хүргэх юм.
Мишээл салбарт Улаанбаатар хотынЗахирагчийн ажлын албанаас 20 төрлийн үйлчилгээ үзүүлнэ. Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журмын хүрээнд стандартын шаардлага хангасан, зөвшөөрөгдсөн байршилд байрлалтай, холбогдох бичиг баримт материал нь бүрдсэн аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрлийг олгоно.
Согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг шинээр олгохоос гадна хугацаа дууссан тусгай зөвшөөрлийн сунгалтыг хийж, “Ахмадын орон сууц хөтөлбөр”-т хамрагдах иргэдэд зөвлөгөө өгөх юм.
“Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-өөр үйлчлүүлсэн иргэд “Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэсэн, хүсэн хүлээсэн ажлуудыг нэг болсон” хэмээн талархал илэрхийлсээр байгаа юм.
Ч.Ариунболд