Улаанбурхан өвчний дархлаажуулалтад идэвхтэй хамрахыг уриалав

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-05-12 17:30:42

Улаанбурхан өвчний тархалтыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа болон бусад асуудлаар Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг түр хариуцагч бөгөөд Шадар сайд Ц.Оюунбаатар мэдээлэл хийлээ.

Эрүүл мэндийн салбарын хамгийн анхаарал татаад буй сэдэв бол одоогийн байдлаар Улаанбурхан өвчин болоод байгаа. Энэ өвчнөөр нийт 20 гаруй мянган хүн өвчилсөн тоо гараад байгаа юм. Өвчлөлийн тархалт Улаанбаатар хот, Өвөрхангай аймагт өндөр хэвээр байгаа аж.  
Гэхдээ өвчний тархалт харьцангуй буурах хандлагатай байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 16 хувиар буурчээ.

Өнгөрсөн долоо хоногт ХӨСҮТ-д 1700 гаруй өвчтөн хандсаны 1195 нь улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэйгээс 221 нь хэвтэн эмчлүүлсэн, 0-1 насны 14 хүүхэд сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа юм.  

НҮБ-ын Хүүхдийн сангаас Улаанбурхан-Улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалт хийх 627.500 хүн/тун вакциныг хүлээж авлаа. Энэ вакциныг 18-30 насныханд өнөөдрөөс хийж эхэлж байна. Дархлаажуулалтын түр цэгийг 900 газарт, нүүдлийн цэгийг 300 гаруй газарт байгуулан дархлаажуулалтын бэлтгэл хангажээ. Энд ажиллах 1200 эмч, 350 сувилагч сургалтад хамрагдсан байна.

Өнөөдрөөс эхэлж байгаа Улаанбурхан өвчний тархалтыг бууруулахад чухал нөлөө үзүүлэх нэмэлт дархлаажуулалтад 18-35 насны иргэдийг идэвхтэй хамрагдахыг Шадар сайд Ц.Оюунбаатар уриалж байв. 

Н.Туяа

Гэрэл зургийг Б.Чадраабал

相关新闻