Зам, тээврийн ослоор 39 хүн амь насаа алджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-07-17 16:26:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НОК-ын шуурхай ажлын баг өнөөдөр 14.00 цагт хуралдлаа. Хурлаар Баяр наадмын өдрүүдэд гарсан зам, тээврийн осол хэрэг, хөдөлгөөний талаар болон орон нутагт гарч буй тарваган тахлын нөхцөл байдал, анхаарах зүйл, цаг үеийн бусад асуудлыг танилцуулж хэлэлцлээ. 

Зам, тээврийн осол хэрэг, хөдөлгөөний талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хошууч Э.Энхболдын танилцуулснаар зам тээврийн ослоор нийслэл хот, хотын орчимд 16 хүн амиа алджээ. Үүнээс 2 хүн нь Налайх дүүрэгт шөнийн цагаар машинд дайруулсан байна. Орон нутагт 23 хүн амь насаа алдсанаас 3 нь явган зорчигч, 5 нь жолооч  бусад нь зорчигч байжээ. Аймгуудаар авч үзвэл:

  • Завханд 7,
  • Төв аймагт 4,
  • Архангайд 4,
  • Дорнодод 3, 
  • Булган, Өвөрхангай, Ховд, Хэнтий аймагт тус бүр нэг хүн зам, тээврийн улмаас осолдож амь насаа алджээ. 

Баяр наадмын үеэр замын цагдаагийн байгууллагад замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой 1520 дуудлага, мэдээлэл иржээ. Үүнээс 759 зам, тээврийн осол, хэргийг шалгажээ. Ослын гол шалтгаан нь хурд хэтрүүлэх, осолдох үед жолооч, зорчигч аюулгүйн бүсээ хийгээгүйгээс эрсдэлд орж буйг анхаарууллаа. Тодруулбал, тээврийн хэрэгсэл мөргөлдөхөөс илүү жолооч нарын хариуцлагагүй байдлаас осол гарч буйг онцлов. 

Мөн баяр наадмын үеэр нийслэл хотоос гарах хөдөлгөөн эрчимжиж ачаалал нэмэгдсэн, мөн үргэлжилсэн борооны улмаас гол ус үерлэсэн нь осол аваарт нөлөөлжээ.

Өнгөрсөн оны баяр наадмын өдрүүдэд 110 мянган тээврийн хэрэгсэл шалган нэвтрүүлэх товчоодоор баруун, зүүн тийш гарч, орох хөдөлгөөн хийж байсан бол энэ онд 231 мянган тээврийн хэрэгсэл нийслэлээс гарч орж хөдөлгөөн нэг дахин нэмэгджээ. 

Баруун тийш 170 мянга орчим, зүүн чиглэлд 60 гаруй мянган машин нэвтэрчээ. Өөрөөр хэлбэл, нийслэлд 350 мянган тээврийн хэрэгсэл идэвхтэй байдаг бол тэдний 231 мянга нь нийслэлээс гарчээ.

相关新闻