БНСУ-тай уур амьсгалын өөрчлөлтийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хамтарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг сааруулах зорилгоор Монгол Улс, БНСУ Парисын хэлэлцээрийн 6.2 дугаар зүйлийн хүрээн дэх Хамтарсан зохицуулах хорооны анхдугаар хурлаа хийв.
Парисын хэлэлцээрийн 6.2 дугаар зүйлийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд БНСУ-ын хөрөнгө оруулалт, технологийн тусламжийг авч хариуд нь нүүрстөрөгчийн ялгарлын бууралтаас үүсэх карбон кредитийг хамтрагч тал руу шилжүүлэх юм. Хурлаар монгол талаас энэхүү хэлэлцээрийн дотоодын бодлого, хууль эрхзүйн орчныг танилцуулсан бол БНСУ-ын талаас хамтын ажиллагааны талаар болон Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны санаачилга, Улаанбаатар хотын Нарангийн энгэрийн хогийн цэгийн метан хийг ялгах төслийн талаар тус тус мэдээлэл солилцов. Мөн хорооны ажиллах дүрэм, цаашдын баримтлах зарчмыг баталсан юм.
Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газартай 2023 онд байгуулсан Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын суурь хэлэлцээрийн хүрээнд БНСУ-ын холбогдох байгууллагуудтай хамтран Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад цогц төсөл арга хэмжээ хэрэгжүүлэх мастер төлөвлөгөөг 2025 ондоо багтаан дуусгаж, хэрэгжүүлэхээр тохиролцов гэж БОУАӨЯ мэдээлэв.