Гэр хорооллын дахин төлөвлөлтөд 20 тэрбум төгрөг нэмж зарцуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМНИТХ-ын ээлжит бус 8 дугаар хуралдаанаар нийслэлийн 2016 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулж, гэр хорооллын дахин төлөвлөлтөнд зориулан 20 тэрбум төгрөг нэмж зарцуулахаар баталсан талаар өнөөдөр Нийслэлийн Засаг дарга Э. Бат-Үүл мэдээлэв.
Энэ нь гацаанд ороод буй барилгын салбарын зээлийн асуудлыг шийдэж, иргэд 5 хувийн зээлд хамарч дахин төлөвлөлтийн орон сууцанд орох боломж бүрдүүлэхэд түлхэц үзүүлнэ хэмээн нийслэлийн удирдлагууд үзжээ. Гэр хорооллын дахин төлөвлөлтөд 22 байршлын 58 хэсэгчилсэн талбай хамарч байгаа бөгөөд өнөөгийн байдлаар 500 өрхийн 2100 иргэн хашаагаа байраар солиод байгаа аж. Энэ оны эхний хагаст 1104 айлын орон сууц ашиглалтад орно хэмээн Э.Бат-Үүл дарга мэдээллийнхээ эхэнд онцлов.
Тэрбээр, “"Сайн хашаа" хөтөлбөрийн хүрээнд жилийн 5 хувийн хүүтэй 10 сая төгрөгийн зээлийг иргэдэд олгон. Ингэхдээ хашааны газрыг нь барьцаалах юм. Хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд 200 тэрбум төгрөгийг зарцуулж, хотын хамгийн их утаа, хөрсний бохирдолтой хэсэгт амьдарч буй 69 мянга 200 айл өрхийг хамруулна.
Мэргэжлийн байгууллагаар тооцоо хийлгэхэд тухайн гэр хорооллын нэг өрхөд бохирын хоолой хийхэд 2.4 сая, цэвэр усны хангамж хүргэхэд 3.5 сая, халаалтын асуудлыг шийдэхэд 4 сая төгрөг буюу нийт 9.9 сая төгрөг хэрэгтэй байгаа юм. Уг мөнгийг бид 60 сарын хугацаатай зээлж байгаа юм. Гэр хорооллын иргэдийн дийлэнх нь орлого багатай тул эхний 2 жил төлбөр авахгүй бөгөөд 3 дахь жилээс эргэн төлөлт нь сард 100 мянган төгрөгөөс хэтрэхгүйгээр төлдөг байхаар зохицуулна” хэмээв.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ