Иргэдийн бүлэг хоёр үүсмэл хогийн цэгийг бүрэн устгалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар хотын Ерөнхий менежерийн шуурхай хуралдаан боллоо. Шуурхай хуралдааны үеэр зуслан ногоон бүсийн цэвэрлэгээний үр дүнг танилцуулсан.
Их цэвэрлэгээнд 11703 хүн оролцож, 24.946.379 м2 талбайн 483.3 тн 4780 шуудай хогийг цэвэрлэсэн юм. Цэвэрлэгээнд “Пажиро клуб”, Тахарын алба, Жи Мобайл, Мандах бүртгэл дээд сургууль, Буянт ухаа цогцолбор сургууль, Монголын залуучуудын холбоо, Капитал банк, Богд банк зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийнхэн идэвхитэй оролцож Туул гол, Дунд гол, Зайсан орчмын цэвэрлэгээг хийлээ.
“Шинэ мянганы залуус” төрийн бус байгууллагын 700 залуус цэвэрлэгээнд оролцож, Улаанбаатар хотыг хог хаягдалгүй болгох, хог хаягдлын талаарх иргэдийн ухамсар зан үйлд нөлөөлөх зорилгоор “SAVE UB” сэдэвт аяныг зохион байгуулсан. Аянд төвийн зургаан дүүргийн аж ахуйн нэгж, байгууллагууд, иргэд нэгдэн зуслан, ногоон бүсийн их цэвэрлэгээнд оролцсон.
БЗД-ээс Зэвсэгт хүчний жанжин штаб, Зэвсэгт хүчний 124, 284, 084, 180, 027 дугаар анги болон Батлан хамгаалах их сургууль, Тэмүүжин өрлөг сургууль, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн ажилтан, албан хаагчид Туул гол, Улиастай гол, Сэлбэ гол дагуух цэвэрлэгээнд сайн оролцсон.
Сонгинохайрхан дүүргийн 20 хүний бүрэлдэхүүнтэй иргэдийн бүлэг Баруун салаа, Номтын ам, Бумбатын ам, Шороотын ам , Салхитын автобусны эцсийн буудлын хог хаягдлыг цэвэрлэн, тус ногоон бүсэд үүсээд байсан 2 хогийн цэгийг бүрэн устгажээ.
Мөн Чингэлтэй дүүргийн 13 иргэдийн бүлгийн 90, “Найши трейд” ХХК-ийн иргэдийн бүлгийн 12 ажилтан, Unitell ХХК-ний 120 ажилтан нийт 258 хүн цэвэрлэгээнд идэвхитэй оролцсон.
Харин ХУД –ийн 45 хүний бүрэлдэхүүнтэй 2 иргэдийн бүлэг Яармагийн зам дагуу цэвэрлэгээ хийсэн. Энэ үеэр тус дүүргийн СӨХ-үүд орон сууцны орц, лифтэнд чийгтэй цэвэрлэгээ хийж, гэрэлтүүлгээ шинэчилж, байрныхаа эргэн тойрны хог хаягдлын түүвэр цэвэрлэгээг хийлээ.
Харин “Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ” ХХК-ний зам талбайн үйлчлэгч 15 ажилтан Гүнтийн эцсээс Жигжидийн уулзвар хүртлэх авто замын 2 талын нуух болон үүсмэл хог хаягдлыг цэвэрлэн тээвэрлэсэн байна.