Нийслэл рүү тарваганы тулам оруулахыг завджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НМХГ-аас мэдээлснээр нийслэл хот руу тарваганы тулам оруулахыг завдсан хоёр тохиолдол гараад байна. Тодруулбал, Архангай-Улаанбаатар чиглэлийн зорчигч тээврийн "KIA Granbird" маркийн автобусанд үзлэг шалгалт хийхэд таван ширхэг тарваганы тулам тээвэрлэж явсан зөрчлийг албаныхан илрүүлж, Зооноз өвчин судлалын Үндэсний төвд хүргүүлжээ.
Мөн Эмээлт дэх Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор иргэн С.Х нь тээврийн хэрэгслээр Эрдэнэт хотоос гурван ширхэг нойтон тарваганы тулам тээвэрлэн явсан зөрчил илэрсэн байна. Одоогоор тухайн зөрчлүүдийг шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.
Манай улсад он гарсаар тарваган тахлын халдварын гурван тохиолдол бүртгэгдэж, нэг хүн тахлын улмаас амиа алдаад байгаа. Гэвч тарваганы мах тээвэрлэсэн зөрчил илэрсээр байна.
Тарваган тахлаас урьдчилан сэргийлэхийн тулд:
- Сэжиг бүхий үхсэн мэрэгч амьтдын сэг зэмтэй тааралдвал мэргэжлийн байгууллагад мэдээллэх,
- Халдвар авсан байж болзошгүй сэжигтэй хүн болон түүний эд материалтай холилдсон хүнийг тусгаарлах
- Сэжиг бүхий эд материал, өвчтөний хэрэглэж байсан зүйлсэд онош тодрохоос нааш хүрэлцэхгүй байх,
- Тарвага агнах өвчих, мах, түүхий эдтэй харьцахыг цээрлэхийг зөвлөж байна.