АХБ Засгийн газраас хэрэгжүүлэх бодлого чухал гэжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГСангийн сайд Б.Болор тэргүүтэй төлөөлөгчид ХБНГУ-ын Франкфурт хотноо болсон Азийн хөгжлийн банкны захирагч нарын 49 дэх жилийн уулзалтад оролцоод ирлээ.
Энэ үеэр манай төлөөлөгчид Азийн хөгжлийн банкны ерөнхийлөгч Такехико Накао, тус банкны Гүйцэтгэх захирал Гуадинсио Хернандез, “Кредит Свисс” зэрэг олон улсын банк, санхүүгийн байгууллагууд, гишүүн орнуудын төлөөлөгчидтэй уулзалт хийсэн байна.
Дээрх уулзалтаар Сангийн сайд Б.Болор Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдлын талаар танилцуулж, эдийн засгийг төрөлжүүлэх, томоохон дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхэд мөн тус банкнаас Монголд хэрэгжүүлж буй хувийн хэвшлийн үйл ажиллагааг нэмэгдүүлэх, эдийн засгийн хүндрэлийг даван туулахад нийгмийн халамжийн бодлогыг алдагдуулахгүйгээр зорилтот бүлэгт чиглүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсчээ. Азийн хөгжлийн банкны зүгээс Монгол Улсыг цаашид дэмжиж ажиллахаа илэрхийлж, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаа чухал гэдгийг онцлон тэмдэглэжээ. Мөн Азийн хөгжлийн банкны зүгээс “ДЦС-5” төслийн гэрээнүүдийг эцэслэн ажиллах нь ач холбогдолтойг тэмдэглэсэн байна.
Б.Заяа