Отрын бүс нутгийг хуваарьтай ашиглана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2020-07-28 09:42:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Малын тоо толгойн өсөлт, дэлхийн дулаарлаас үүдэн бэлчээр улам доройтож байна. Энэ бүхэнтэй уялдуулан одооноос эхлэн отрын бүс нутгийг хуваарьтай ашиглаж малчдад хүргэх үйлчилгээг сайжруулах, оторлох мал сүргийг үзлэг, шинжилгээ, угаалга, тарилга, туулгалтад түлхүү хамруулж, тууврын замд тавих хяналтыг сайтар зохион байгуулах хэрэгтэйг ХХААХҮ-ийн З.Мэндсайхан хангайн бүсийн аймгуудын удирдлагатай уулзах үеэр онцлов.

Тэрээр, МАА-г эдийн засгийн эргэлтэнд оруулж байж бэлчээрийн даацад нийцүүлэх шаардлага гарч байна гэснийг аймгуудын удирдлага санал нэг хүлээн авч буйгаа илэрхийлж байв. Өвөрхангай аймгийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Батжаргал тус аймагт зуншлага тааруу, малчид отор нүүдэл хийж, машин дотроо амьдарч байгаа нь цөөнгүй байна гэв. Тус аймаг нийтдээ 9.6 сая толгой малтай, бэлчээрийн даац хэтэрсэн учраас малыг эдийн засгийн эргэлтэнд оруулахаас өөр сонголт байхгүй гэсэн юм. 


Архангай аймгийн Засаг дарга Т.Мөнхнасан ч мөн хадлан тэжээлийн бэлтгэл хангахад хүндрэлтэй байгааг хэлэв. Тиймээс зуншлага сайн байсан аймгуудад хадлангийн талбай гаргаж өгөх, отрын бүсийн хуваарыг уян хатан хийх саналыг хэлж байв.

Уулзалтын үеэр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан намрын ургац хураалт, отрын бүстэй холбоотой зохион байгуулалтын ажлуудад анхаарч ажиллахыг аймгийн удирдлагуудад захилаа.  Засгийн газар болон холбогдох яамд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад анхаарч энэхүү уулзалтыг бүсчилэн хийж байна. Төлөвлөсний дагуу бүсчилсэн уулзалтыг 5 бүсийн аймгуудад нэгтгэж хийнэ. Дараагийн уулзалт Хэнтий аймагт болох юм.

相关新闻