Э.Амартүвшин:Орон нутагт ажиллаж байгаа хүмүүсийн нийгмийн асуудлыг шийдсэн, хөрөнгө оруулалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-07-28 17:31:34

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн удирдлагын баг аймгийнхаа хэмжээнд төдийгүй улсдаа түүчээлэх шилдэг томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлэн хэрэгжүүлээд байна. Хөдөө орон нутагт ажилаж байгаа төрийн албан хаагчдын нийгмийн асуудлын гол цөм болсон орон сууцны асуудлыг ийн шийдсэн нь маш олон хүний талархлыг хүлээгээд байгаа. Ингээд төрийн албан хаагчдын байранд орж, мөн азтан болсон Э.Амартүвшинтэй уулзаж ярилцлаа.

-За юуны өмнө танай гэр бүлд давхар давхар баярын эзэд болцгоосонд халуун талархал илэрхийлье. Өөрийгөө танилцуулахгүй юу?

-Баярлалаа. Өнөөдөр маш гоё түүхэн өдөр болж байна. Намайг Эрдэнэдаваагийн Амартүвшин гэдэг. Би Сэлэнгэ аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтэст стандартын салбар хариуцсан мэргэжилтнээр ажилладаг. Би энэ байгууллагадаа тасралтгүй ажиллаад долоон жил гаруй хугацаа болж байна.

-Танай гэр бүл шинэ байранд орж байгаа юм байна. Дээр нь бас блок тус бүрээс нэг азтан шалгаруулахад өөрийн тань нэр тодорлоо. Энэ жилийн хувьд танай гэр бүлд их сайхан үйл явдлууд тохиож байх шиг харагдлаа. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу. Азтан боллоо гэж дуудахыг сонсоод хэр догдлов?

-Би сая 6 сард төрж манайх хоёр дахь охиноо хүлээж авсан юм. Охиноо тэврээд,  салхилуулаад гадаа энэ пасаданд сууж байлаа. Гэтэл азтан боллоо гээд миний нэрийг дуудаад азтан гарч ирэхгүй байна гэхээр нь бүр сандраад /инээв/. Тэгээд нөхрөө дуудсан. Хүүе ирж охиноо аваарай. Азтан болсон дуудаад байна гээд /инээв/. Манай гэр бүл энэ жил шинэ байранд орж байна. Бас шинэ хүнээ угтаж авсан. Сая азтан боллоо. Бидний амьдралд мартагдахгүй түүхэн үйл явдлууд тохиож байгаад туйлын баяртай байна. Манайх хоёр охинтой. Том нь гурван настай. Аз дагуулсан охиныг маань Цэлмүүн гэдэг. Сая сугалаа сугалж намайг азтан болгосон охиныг бас Цэлмүүн гэдэг юм байна. Би бүр бэлэгшээгээд их баярлаж сууна.

-Ямар нэгэн зөн совин байв уу. Танайх хэддүгээр блокт орсон бэ. Гэр бүлийн хүнээ танилцуулаач?

-Манайх гуравдугаар блокт байраа захиалсан болохоор ирэх 9-р сард байрандаа орно. Яагаад ч юм би наашаа ирмээр санагдаад байсан. Машиндаа сууж байснаа бүр охиноо тэврээд тоглоомын талбай дээр хүрч ирсэн. Маш их баяртай байна. Тэгтэл цаанаасаа аз дуудаад байжээ /инээв/. Гэр бүлийн хүн маань Цогбадрахын Амарцэнгэл гэдэг. “Урсгал ус” хувьцаат компанид ажилладаг. Маш их баяртай байна.

-Залуу хүмүүс өөрийн гэсэн орон байртай болно гэдэг хамгаас чухал. Ялангуяа өнөөгийн нийгэмд ийм хямд үнээр, ямар нэгэн зээлийн дарамтгүйгээр байртай болох боломж хомс шүү дээ. Өмнө та хоёр хэрхэн амьдарч байв?

-Бид хоёр эхлээд аав, ээжтэйгээ хамт амьдардаг байсан. Ингээд хүүхэдтэй олуулаа болоод ирэхээр хамт амьдрах хэцүү. Тэгээд байр түрээслэж амьдардаг болсон. Орон нутагт ажилладаг төрийн албан хаагчдаа дэмжиж 120 айлын орон сууцны төслийг эхлүүлэн бодит ажил болгож байгаа Ш.Оргил Засаг даргад, мөн түүний ажлын алба, М.Тэмүүлэн даргатай “Сэлэнгэ орон сууц” ОНӨААТҮГ-ын хамт олонд, барилгын ажлыг гүйцэтгэдж байгаа компанийн хамт олонд бүгдэд нь баярлалаа гэж хэлмээр байна. Бас энэ боломжийг олгосон ажлынхаа хамт олонд маш их баярлалаа гэж хэлье.

-Танай байгууллагаас хэдэн хүн энэ байранд орж байгаа вэ?

-Манай хамт олон дотроос би ганцаараа энэ байрны квотод орсон. Д.Ган-Отгон даргадаа, шинжээч эгч н.Анхцэцэг нартаа маш их баярлалаа. Та нарынхаа олгосон боломжийн хүчинд орон сууцтай боллоо. Энэ бол төрийн албанд ялангуяа орон нутагт ажиллаж байгаа хүмүүсийн нийгмийн асуудлыг шийдсэн, маш том хөрөнгө оруулалт, маш том дэмжлэг болж байна. Энэ төсөл цаашид улам сайн хэрэгжээд яваасай. Бусад аймаг орон нутагт, сумдынхан бас санаа авч, хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна. 1000 мянган төрийн албан хаагчид маань өөрийн гэсэн орон сууцтай болоосой гэж хүсэж байна. Тэгээд өнөөдөр давхар баяр тохиолоо. Нээлтийн үйл ажиллагаанд ирээд гал зуухны тавилганы азтан болсондоо маш их баяртай байна.

Монголын бүх хүний зүрхэнд хайр гэрэлтэж, монголын үр сад бүрийн нүүрэнд  инээмсэглэл тодорч явах болтугай. Мөн бүх хүмүүстээ бүгдэд нь аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.     

-Баярлалаа  

相关新闻