Хог хаягдлаас био бордоо гарган авах судалгааны ажилтай танилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-05-17 11:01:11

Улаанбаатар хотод хогны хуримтлал үүсэхээс сэргийлэх, менежментийг боловсронгуй болгож, хаягдлаар баялаг бүтээх боломжийг эрэлхийлэх зорилго бүхий “Хогноос чөлөөлье” хэлэлцүүлэг өнөөдөр эхэллээ.

Судалгаагаар нийслэлд жилдээ 290-340 мянган тонн хог хаягдал гардаг бөгөөд орон сууцанд амьдарч буй иргэн өдөрт дунджаар 0.235 кг, гэр хорооллынх 0.956 кг хог гаргадаг гэсэн байдаг. Гэвч энэ хогныхоо асуудлыг цаг тухайд нь шийдэхгүй явсаар өнөөдөр Улаанбаатар хотын гэр хорооллын гудамж талбайд олон тооны хогийн цэг бий болоод байгаа юм. Уг асуудлыг шийдвэрлэх зорилгоор МЗХ-ноос “Хогноос чөлөөлье” хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн төлөөлөл болон эрдэмтэн судлаачид оролцож байна.

Хэлэлцүүлгийн Үндсэн илтгэлийг МУИС-ийн доктор Ч.Сономдагва ““Улаанбаатар хотын хог хаягдал, хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөлөл" гэсэн сэдвээр танилцуулах юм. Түүнчлэн энэ үеэр “Хог хаягдлаас био бордоо гарган авах” судалгааны үр дүн, “Save Ub” аян дүнг танилцуулахын зэрэгцээ оролцогчид өөрсдийн санал бодлыг хуваалцаж, чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлэх аж. Хэлэлцүүлгээс гарсан саналуудын нэгтгэн зөвлөмж боловсруулж олон нийтэд хүргэхээр төлөвлөж буйг зохион байгуулагчид мэдээлэв.

Ч.Ариунболд

相关新闻