Т.Мөнхсайхан: Эмнэлгээр үйлчлүүлэхэд үүсэж буй хүндрэл, төвөг чирэгдлийг багасгана
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн салбарын тогтолцоог шинэчлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, төвлөрлийг сааруулах зорилгоор Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан энэ сарын 26-наас хоёр, гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн хөгжлийн төлөвлөгөө болон тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэх хамтарсан цуврал уулзалт зохион байгуулж байна.
Уулзалтад ЭМЯ-ны харьяа газар, хэлтсийн удирдлага болон мэргэжилтнүүд, Нийслэл, дүүргийн эмнэлгийн удирдлагууд оролцож байна. Өнөөдрийн уулзалтаар Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн хөгжлийн хөтөлбөр болон тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ.
Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлэхдээ, “Эмнэлгийн тусламж,
үйлчилгээг ард иргэд өнөөдөр хангалттай
авч чадахгүй, чирэгдэл ихтэй байна. Улсын томоохон болон дүүргийн эмнэлгүүдэд үзүүлэх
цаг авах гэж иргэд дараалал хүлээн зогсож байна. Ихэнх эмнэлэг цахимаар цаг
өгдөг гэдэг боловч бодит байдал дээр өөр байна. Тиймээс ЭМЯ-наас эмнэлгүүдийн цаг авах системийг цэгцлэх, иргэддээ ойлгомжтой
хүртээмжтэй байлгахаар “Цаг авах нэгдсэн төв”-ийг ашиглалтад оруулахаар ажиллаж
байна. Өнгөрсөн хугацаанд
салбарт төлөвлөлтгүй санхүүжилтийг хийсээр ирсэн. Бид төлөвлөж, зайлшгүй
хэрэгцээт зүйл рүүгээ санхүүжилтээ чиглүүлэх бодлого барина. Яамнаас тулгамдаж
буй асуудлуудаа эрэмбэлэн,
санхүү төсөвтөө тааруулж зөв менежментийг хийж, илүү хүртээмжтэй байлгах, бодит
үр дүн гарахуйц байхаар ажиллаж байна. Эмнэлгүүдийн тулгамдсан асуудлыг хэрхэн
шийдсэн, зөв зохион байгуулсан эсэхэд хяналт тавьж, биелэлтээ нэхэх болно. Бид
ард иргэд эмнэлгээр үйлчлүүлэхэд үүсэж буй хүндрэл, төвөг, чирэгдлийг
бууруулахын төлөө бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлнэ ” хэмээлээ.
Маргааш болох уулзалтаар Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн хөгжлийн хөтөлбөр, стратеги болон тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэх юм.