Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт хавдрыг эсийн түвшинд оношилно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-08-27 12:35:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнөөдрийн уулзалтаар Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн хөгжлийн хөтөлбөр болон тулгамдаж буй асуудлуудтай танилцав.


Тэрбээр эрүүл мэндийн салбарын тогтолцоог шинэчлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, төвлөрлийг сааруулах зорилгоор энэ сарын 26-наас эхлэн хоёр, гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн хөгжлийн төлөвлөгөө болон тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэх хамтарсан цуврал уулзалт зохион байгуулж буй. Уулзалтад ЭМЯ-ны харьяа газар, хэлтсийн удирдлага болон мэргэжилтнүүд, Нийслэл, дүүргийн эмнэлгийн төлөөлөл оролцож байна.

 

Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлэхдээ, “Эрүүл мэндийн салбарт шийдвэрлэх гол асуудлын нэг нь эмнэлгийн тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах явдал юм. Тиймээс ЭМЯ-наас хавдрын оношилгоо, эмчилгээг бусад томоохон эмнэлэгт болон орон нутагт нэвтрүүлэх зорилт тавьсан. Энэ хүрээнд Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт дүрс оношилгооны хосолмол технологи болох ПЭТ-КТ-ийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэхүү технологийг хорт хавдар, зүрх судас, мэдрэлийн эмгэгийн оношилгоонд өргөн ашигладаг. Энэ технологийг нэвтрүүлснээр хавдрыг эсийн түвшинд оношилж, хавдрын дараа үсэрхийлэх эсэхийг оношлохоос гадна ард иргэдэд эдийн засгийн асар их хэмнэлт үзүүлнэ. Мөн ХСҮТ-ийн төвлөрлийг сааруулах, ачааллыг хуваалцах ач холбогдолтой. Хүний нөөцийн хувьд ч нэг дороо бөөгнөрөхгүй, салбар дотроо өрсөлдөлгүй, жигд хүртээмжтэй ард иргэддээ үйлчлэх нөхцөл бүрдэх ёстой. Түүнчлэн яамнаас бодлогоор нийгмийн эрүүл мэндийг сайжруулах буюу урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт нэлээн анхаарч байгаа. Үүнийг зөв системтэй ажил болгож чадвал яваандаа эмнэлэгт хэвтэх өвчтөний тоо буурах учиртай. Юуны өмнө бид ард, иргэддээ эрүүл байх боломжийг нь бүрдүүлж өгөх ёстой. Эрүүл мэндийн салбарт өнгөрсөн хугацаанд их хэмжээний хөрөнгө оруулалт, санхүүжилт хийгдсэн боловч тэр хэмжээгээр үр дүн гараад өөрчлөгдсөн нь ховор байна. Тиймээс ЭМЯ-наас бүх тулгамдаж буй асуудлыг эрэмбэлэн шийдвэрлэж, төсвийн зарцуулалтаа зөв зохион байгуулна. Эхний ээлжинд төвлөрлийг сааруулахад УНТЭ, УХТЭ, УГТЭ, АШУИС-ийн харьяа эмнэлэг, Сонгинохайрхан дүүргийн шинээр ашиглалтад орж буй нэгдсэн эмнэлгүүдэд тусламж, үйлчилгээний төрлийг нэмэгдүүлнэ. Тухайлбал, УНТЭ дээр л ганц бөөр үзэх биш УГТЭ-т давхар нэвтрүүлэх, ХСҮТ дээр зөвхөн оношлуулах биш УХТЭ-т давхар оношилж, үйлчлэх, УГТЭ-т ганц зүрх, мэдрэл үзүүлэх гэлтгүй УНТЭ, бусад эмнэлгүүдэд мөн үзүүлж, эмчлүүлэх юм” гэлээ.

 

Уулзалтын үеэр ЭМЯ болон харьяа агентлагийн удирдлагууд УХТЭ-ийн хөгжлийн хөтөлбөртэй холбоотой асуулт асууж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд эмнэлэг хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, мэдээллийг цаг алдалгүй солилцох талаар хэлэлцлээ. Салбарын асуудлыг шийдэх хамтарсан цуврал уулзалт маргааш ЭХЭМҮТ-ийн хөгжлийн хөтөлбөр, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэхээр үргэлжлэх юм.






相关新闻