Сургууль, цэцэрлэгүүдээс 717 зөрчил илэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-08-28 15:06:14

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн бүх шатны сургалтын байгууллагын боловсрол, эрүүл ахуй, хүнсний чанар стандартад хяналт шалгалт хийж буй талаараа НМХГ-аас мэдээллээ.


Тус шалгалтад нийслэлийн хэмжээнд нийт 938 боловсролын байгууллага хамрагдах бөгөөд энэ сарын 26-ны байдлаар 501 буюу 55.8 хувьд нь хяналт шалгалт хийгээд байна. 


НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Хяналт шалгалтын явцад нийт 717 зөрчил илрүүлснээс 120 зөрчлийг газар дээр нь арилгуулсан байна. Мөн улсын байцаагчийн 12 албан шаардлага хүргүүлж, 10 хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл ногдуулсан. Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт нь 10 дугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ" гэлээ.


"Бүх шатны боловсролын байгууллага коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр төлөвлөгөө гаргаж ажиллах ёстой. Гэтэл зарим сургалтын байгууллага төлөвлөгөө хөтөлбөр гаргаагүй, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын үед зохих шаардлагыг хангаагүй байна" хэмээн НМХГ-ын Боловсролын хяналтын улсын байцаагч С.Лхагвадулам онцлов.


Түүнчлэн 3 сургууль, 1 цэцэрлэгийн барилга сургалт явуулах стандартын шаардлага хангаагүй байгаа бол 26 сургууль, 56 цэцэрлэгт боловсон хүчин дутагдалтай хэмээн үнэлэгджээ. Үүнээс гадна зарим гадаад багштай сургуулиуд үйл ажиллагаагаа цаг тухайд нь эхлүүлэхэд хүндрэл үүсэж байна. Тухайлбал, Плехановын нэрэмжит дунд сургуулийн 71 орос багшийн 20 нь нутаг буцаад ирээгүй байгаа бол 14 багш цар тахалтай холбоотой тусгаарлалтад байгаа аж. 


Энэ жил сургуулийн анги танхим, хоолны газарт сандал хоорондын зайг 1.5 м байхаар, нэг ангид 20-иос илүүгүй хүүхэд, дотуур байрны нэг оронд ноогдох талбайн хэмжээг 4 м.кв-аас багагүй мөн ор хоорондын зайг 1.5 м байх журмыг мөрдөж байгаа. Гэвч НХМГ-ын хяналт шалгалтаар 60 хувь нь тухайн журмын хэрэгжилтийг хангаагүй байгааг онцоллоо.  

相关新闻