Амралтын өдрүүдэд таван хүн зам тээврийн ослоор амиа алджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-08-31 10:54:19

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Зам тээврийн ослын улмаас өнгөрсөн амралтын өдрүүдэд таван хүн гэмтэж, таван хүн амиа алджээ.

Тодруулбал, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны Баруун салааны замд бямба гарагт буюу 8 дугаар сарын 29-ний 00.20 цагийн үед “Toyota Ist” маркийн автомашинд явган зорчигч 40 настай эрэгтэй Ч мөргүүлж амиа алдсан байна.  

Мөн энэ өдөр 14 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Толбо сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Hyundai Sonata-6” маркийн автомашин “Toyota Prius” маркийн автомашинтай мөргөлджээ. Ослын улмаас 33 настай, жолооч Г амиа алджээ.

Явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 106 жолооч болон  согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ авчээ. 


Хэнтий аймгийн Дадал сумын 4 дүгээр багийн “Нархан” зочид буудлын хашаан дотор ням гарагт үүрийн 5.40 цагийн үед улсын дугааргүй мотоцикл онхолдож, 45 настай жолооч Б амиа алдсан байна.

Ховд аймгийн Буянт сумын нутаг дэвсгэрт жолооч  Г “Hyundai Porter” автомашинаар  төмөр хашлага мөргөснөөс машинд зорчиж явсан 28 настай Н-ийн амь насыг хохироожээ.

Түүнчлэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт марк, улсын дугаар нь тодорхойгүй автомашинд явган зорчиж явсан 71 настай Д ням гарагт 01.30 цагийн орчимд мөргүүлж амиа алдсан байна.

Дээрх хэргүүдийг Тээврийн цагдаагийн албаныхан шалгаж байна. 

 


相关新闻